БАЯНХОНГОР: Санхүүгийн дэмжлэг олгох төслийг хүлээн авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-17 12:12:47

Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. 2026 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд санхүүгийн дэмжлэг олгох төслийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүлээн авч эхэлжээ.


Тус газраас ажлын байр бий болгох, бичил бизнесийг дэмжих, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгоно.

Тодруулбал,

- Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний санхүүгийн дэмжлэг
- Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэг
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох санхүүгийн дэмжлэг
- Залуучуудын гарааны бизнес (Start-up) дэмжих санхүүжилт
- Нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдийн санхүүгийн дэмжлэг багтаж байгаа юм.


Хүүгүй, 36 сарын хугацаатай 10-20 сая төгрөгийн санхүүжилтийг 50-100 хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгох бөгөөд хөтөлбөрөөс хамаарч хэмжээ, нөхцөл нь ялгаатай байна.


Төслийг тавдугаар сарын 7-ныг хүртэл Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүлээн авах ба дэлгэрэнгүй мэдээллийг 7044-2923 дугаарын утас болон employment@bayanhongor.gov.mn сайтаас авах боломжтой.


Сонирхуулахад, өнгөрсөн онд Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажил хайгчаар бүртгүүлсэн 512 иргэнээс 81 хувь нь ажилд зуучлуулжээ.

Related news