ЗАВХАН: Хулан жороо шувууны тархалтын бүсийг тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-16 13:25:02

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн зургаан сумын нутагт суурин амьдардаг хулан жороо шувууны тархалт, онцлогийг судлаачид бүртгэн, судалгаанд хамруулж байна.


Хулан жороо нь махийсан хошуутай, магнай хэсгээрээ хар судалтай. Холоос харахад зулай, сүүлний үзүүр, далавчны ирмэг нь хар мэт боловч ойроос ажиглахад гялалзсан гүн ногоон өнгөтэй байдаг.


Их бие нь цагаан судалтай бөгөөд нисэх үед далавчны судал тод ялгардаг онцлогтой. Энэ зүйл нь суурин амьдралтай бөгөөд ихэвчлэн гүйж хөдөлгөөнөөрөө хоол тэжээлээ олдог. Шавж, гүрвэлээр хооллох ба үржлийн үедээ өвөрмөц дуу авиа гаргадаг. Биеийн урт нь 26-28 см, харьцангуй биерхүү, элсэн шаргалдуу бор зүстэй, хошуу болон хөл нь хар өнгөтэй.


Судалгаа, ажиглалтын үр дүнд тус шувуу Завхан аймгийн хэд хэдэн сумын гол, нуурын сав газруудад тархан нутагшиж байгаа нь тогтоогджээ. Тухайлбал Ургамал сумын Хүнгий голын баруун хойд хэсэг, Алдархаан сумын Цагаан нуурын сав болон Хөх нуур орчим, Улиастайн Богдын голын ай савд ажиглагдсан байна. Мөн Дөрвөлжин сумын баруун хэсгийн Бага нуурын сав, Завхан голын дагуу, Ургамал сумын Хүнгий гол, Сантмаргац сумын Холбоо гол, Шилүүстэй сумын Завхан гол, Алдархаан болон Цагаанхайрхан сумын Төмөртийн голын сав дагуу үүрлэх боломжтой байршил илэрчээ.


Хулан жороо нь манай орны говь, цөлийн бүсэд тархсан, хэрээний овогт багтдаг суурин шувуу бөгөөд өмнөд нутгаар жилийн турш амьдардаг. Монгол хулан жороо (Podoces hendersoni) нь ихэвчлэн заг, сухайн мөчир дээр газраас 80-100 см өндөрт тэмээ, хонины ноос ашиглан шавардан үүр барьж, 3-4 өндөг гаргадаг онцлогтой.


Казахстан болон Иранд тархсан хулан жороо шувуудаас ялгаатай шинжүүдтэй болохыг Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.Мягмаржав ярилаа.

Хулан жороо шувуу Гэрэл зургийг Цэдэндамба

 

 

Related news