БАЯНХОНГОР: Мазаалайн биологи, экологийн онцлогийг нарийвчлан судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-16 13:59:28
Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлсэн мазаалай хамгаалах цогц ажлын хүрээнд энэ сарын 14-нд Баруун тооройн баян бүрдэд 150 кг жинтэй мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, эдийн болон үсний дээжийг авчээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын ховор амьтан, ургамал хамгаалах “Мазаалай” нийгэмлэг ТББ, “Хүрээлэн” төслийн гэрэл зурагчин У.Ганбаяр болон Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран энэхүү ажлыг хэрэгжүүлжээ.

Энэхүү хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахын зэрэгцээ бичлэг хийх боломжтой бөгөөд тухайн амьтны шилжилт хөдөлгөөн, хоол тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг судлахад чухал үүрэгтэй.

Мазаалай хамгаалах цогц ажлын хүрээнд давхардсан тоогоор 30 гаруй мазаалайг хүзүүвчлээд байгаа бөгөөд тохиргооноос хамаарч 6-12 сарын дараа хүзүүвч өөрөө автоматаар тайлагдан унадаг системтэй.

Мазаалай нь Монгол Алтайн өвөр говийн Говийн их дархан цаазат газарт амьдардаг бөгөөд дэлхийд зөвхөн монголд нутагладаг ховор амьтан юм. Говийн их дархан цаазат газар нь хоёр хэсэгтэй бөгөөд А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсгийг хамарч, улсын хилээс дотогш 100 орчим км өргөн зурвас нутгийг эзэлдэг бөгөөд Баянхонгор сумаас баруун урагш 500 орчим км-т оршдог. Мазаалай нь баян бүрд, булгийн ил задгай ус бүхий орчныг бараадан амьдардаг бөгөөд ус, идэш тэжээлийн хүрэлцээ нь түүний тархалт, нутагшлын онцлогийг тодорхойлдог байна. Тэд хүнээс зайлсхийж, зэлүүд говьд амьдардаг тул байгальд харагдах нь ховор боловч түүний нутаглаж буй бүсийг зорин очих хүмүүс сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.

Мазаалай тархсан бүс нутгуудад идэш тэжээлийн 20 орчим савыг байгууллагууд болон нутгийн иргэд хамтран байршуулсан бөгөөд төрийн байгууллагууд жилд 2-3 удаа, сайн дурынхан жилд нэг удаа тэжээл тавьдаг байна.
Related news