БАЯНХОНГОР: Хүмүүн бичигтэн хамт олон
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төв жилийн төлөвлөгөөндөө эмч, ажилтнуудын монгол хэл, бичгийн чадварыг сайжруулах, “Хүмүүн бичиг” сониныг хамт олноороо захиалан унших талаар тусган, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Тус хамт олон угтах үйлчилгээний хаягжилтыг кирилл болон монгол бичгээр хослуулан хийж, өнгө үзэмжийг сайжруулжээ. Мөн 80 жилийн ойд зориулан бүтээлгэсэн “Эрүүл энхийн гэгээн үйлстэн” дууг үндэсний бичгээр бичин жаазалж, угтах хэсэгт байршуулсан байна. Түүнчлэн эмнэлэг, амбулатори болон хэвтэн эмчлүүлэгчийн 40 гаруй өрөөний хаягжилтыг хос бичгээр бичжээ.
Өлзийт сумын Эрүүл мэндийн төв үндэсний бичгийн мэдээллийн булан байгуулж, эмч сувилагч нарын үзлэг, ээлжийн хуваарь, зарлал, мэдээллийг үндэсний бичгээр бичдэг болсон нь шинэлэг ажлуудын нэг юм.
Эрүүл мэндийн төв нь үйл ажиллагааны үр дүнгийн гэрээгээр аймгийн хэмжээнд 2023 онд III байр, 2024 онд II байр, 2025 онд “Шилдэг эрүүл мэндийн төв”-өөр шалгарсан байна. Мөн сумын хэмжээнд зохион байгуулсан “Үндэсний бичигтэн байгууллага” болзолт уралдаанд 2023 онд III байр, 2024 онд I байр, 2025 онд II байрт шалгарчээ.
