ДАРХАН-УУЛ: Хачигт халдвараас сэргийлэх дархлаажуулалтад хамруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтын ажлын хүрээнд даваа гаргаас эхлэн Онцгой байдлын газрын алба хаагчдыг хачигт халдвараас сэргийлэх дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Учир нь хамгийн эрсдэлт нөхцөлд ажилладаг тус байгууллагын алба хаагчдыг жил бүрийн хавар хачигт халдвараас урьдчилан сэргийлж дархлаажуулалтад хамруулдаг байна.

Дархлаажуулалтад хамруулахаас гадна хачигт халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх, хачигт хазуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө мэдээллийг ЭМГ-ын эмч, мэргэжилтнүүд өглөө.

Тухайлбал хачгийн идэвхжлийн үед өдөр бүр биедээ ялангуяа толгойн үсэнд хачиг орсон эсэхийг шалгах, хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсөж, хачиг илэрсэн тохиолдолд авч хаях, хөдөө явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсөж, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрүүний дотуур хийх, хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд уруу цацахыг зөвлөж байна.
Хэрэв эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан тохиолдолд хазсан хачиг дээр 76 хувийн спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээж, хавчаараар хошууны хэсгээс чимхэж, 45 градусын налуу өнцгөөр зөөлөн ганхуулан татаж авна.
Хачиг хазсан хэсэгт хөвөнд шингээсэн 1 хувийн иодын уусмал (тамедины уусмал) эсвэл 76 хувийн спиртийн уусмалаар цэвэр боолт хийхийг анхааруулж байна.

Тиймээс иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд хаврын улирал буюу хачгийн идэвхжлийн үед хөдөө, ойд зорчихгүй байх, хачгаас сэрэмжлүүлсэн санамж, самбар, пайз байгаа эсэхийг харах, тэмдэг тавьж бусдадаа анхааруулахыг уриалж
байна.