БАЯНХОНГОР: Гэр бүлд зөвлөгөө хүргэх үйлчилгээг ойртууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-13 17:28:07

Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Баянхонгор сумын Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгээр аймгийн төвийн Угалз дөрөвдүгээр багийн төвд “Гэр бүлд зөвлөгөө өгөх өрөө”-г нээлээ.


Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Угалз дөрөвдүгээр багийн ажлын алба хамтран тус өрөөг тохижуулж, хүүхэд гэр бүлд ээлтэй, аюулгүй, тав тухтай, нууцлал хангасан, сэтгэлзүйн тайвшрал бий болгох орчныг бүрдүүлсэн байна.


Баянхонгор аймгийн хэмжээнд 27101 гэр бүл бүртгэлтэй. Нийт гэр бүлийн 17 мянга гаруй нь хөдөө сумдад амьдарч байгаа бол аймгийн төвд 10 мянга орчим гэр бүл амьдарч байгаа юм. Үүнээс өрх толгойлон амьдарч буй эцэг, эхийн тоо 5000 шахам, өрх үүсгэн ганц биеэр амьдарч буй өндөр настан 2300 орчим байна.


Гэр бүлд зөвлөгөө өгөх төв нь хүүхэд, гэр бүл, ажилтан, алба хаагч, зорилтот гэр бүлд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн оношилгоо хийх, холбон зуучлах үйлчилгээг үзүүлэх юм.


Ташрамд мэдээлэхэд, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газраас гадна аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг 30 хамтарсан баг ажиллаж, кейс тус бүр дээр тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн хүчирхийлэлд өртсөн гэр бүлийн гишүүдийг түр байршуулах, сэтгэл зүйн болон эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр ажилладаг "Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байр" аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг.

Related news