ДАРХАН-УУЛ: Жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлсэн нь эерэг хандлага бий болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлснээр дараах өөрчлөлтүүд гарчээ. Тус байгууллага нь ажиллах таатай орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ дотоод журмаараа алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарал хандуулж, уян хатан нөхцөлийг бий болгосон байна.
Тухайлбал, өнгөрсөн онд хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд 70 байгууллага хүүхдийн өрөө болон хүүхдэд ээлтэй орчныг бий болгосон байна. Мөн 10-аас дээш ажилтантай 201 байгууллагын 127 нь эцэг, эхийн зөвлөлтэй болжээ.
Ажлын цаг нь хичээл, сургуулийн эхлэх, тарах цагтай давхацдаг хэдий ч 130 байгууллагын 4540 албан хаагч өглөө, оройд хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгч авдаг байна.
97 байгууллагын алба хаагчдын 1574 хүүхдэд төрсөн өдрөөр нь цалинтай чөлөө олгож, гэр бүлдээ цаг гарган, тэмдэглэлт өдрөө хамтдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Мөн өнгөрсөн онд жирэмсний хяналтад хамрагдсан эмэгтэйчүүдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх “Жаргалтай ээжүүд төв”-ийг нээж ашиглалтад оруулсан бөгөөд амралтын өдрүүдэд төрийн албан хаагчдыг ажиллуулахгүй байх шийдвэр гаргасан байна. Түүнчлэн сургуулиудын эцэг, эхийн зөвлөлийн 560 гишүүнийг хүүхэдтэй харилцах арга барил болон бусад чиглэлээр чадавхжуулах сургалтад хамруулжээ.
Жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлснээр төрийн албан хаагчдын дунд эерэг хандлага төлөвшиж, зөв ойлголт, хандлага бий болсон байна.
Зөвхөн төрийн албан хаагчдаар хязгаарлагдахгүй, иргэдэд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээрээс дурдвал, Нэгдсэн эмнэлгийн эрэгтэйчүүдийн кабинет долоо хоногт хоёр удаа ажиллаж, 417 хүнд үзлэг хийсэн бөгөөд түрүү булчирхайн томрол болон давсгийн дурангийн хагалгааг 36 иргэнд амжилттай хийжээ.
Түүнчлэн 18-55 насны ажилгүй, архины хамааралтай, тэнэмэл амьдралтай иргэдэд мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, тэднийг нийгэмшүүлэх болон хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Жаргалтай амьдрал” төвийг байгуулжээ.
Тус төвд нийт 141 иргэн, үүнээс 24 эмэгтэй хамрагдсан бөгөөд 10 иргэнийг ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотод донтолтын эсрэг эмчилгээнд хамруулжээ. Төвийн үйл ажиллагааны үр дүнд хамрагдагсдын 76 хувь нь донтолт, хамаарлаас ангижран, хэвийн амьдралдаа эргэн орсон зэрэг эерэг үр дүн гарсан байна.