БАЯНХОНГОР: Эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газар, "Глобал удирдагч" их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, бүрдүүлэх, тасралтгүй суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамтран ажиллах юм.
Хамтын ажиллагаагаар эрүүл мэндийн салбарын боловсролын зэрэг олгох бакалаврын хөтөлбөрүүдийг нийгмийн эрүүл мэнд, эм зүй, хүний их эмч, менежмент, сувилахуйн чиглэлээр хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн ахисан түвшний сургалтаар эрүүл мэндийн менежментийн магистр, докторын хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлнэ.
Түүнчлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх, онол практикийн хурал, сургалтууд зохион байгуулах, аймгийн эмч, мэргэжилтнүүдийн инновацийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллана.
Үүнээс гадна эрүүл мэндийн удирдлага, ёс зүй, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр богино хугацааны кредиттэй сургалтуудыг тогтмол зохион байгуулахаар болжээ.