ДАРХАН-УУЛ: “Европын өдөрлөг”-ийг ирэх сард зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-04-10 15:46:46

Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 23-нд “Европын өдөрлөг”-ийг Дархан хотод зохион байгуулахаар боллоо. Өнөөдөр Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните хүрэлцэн ирж аймгийн засаг даргатай уулзалт хийв.


Уулзалтаар жил бүр зохион байгуулдаг өдөрлөгийг орон нутагт анх удаа зохион байгуулах ажлын төлөвлөгөө, бэлтгэл байдлыг хангах талаар санал солилцлоо.


Уг өдөрлөгөөр Европын улс орнуудын онцлогийг харуулсан уламжлал, соёл урлаг, бүтээгдэхүүн, Монгол улсад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд болон боловсролын тэтгэлэг боломжуудын талаар иргэдэд танилцуулах юм. Мөн гэр бүл, хүүхэд залуус руу чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж Элчин сайд мэдэгдлээ.




Дархан-Уул аймгийн хэмжээнд Европын холбооны санхүүжилтээр сүүлийн жилүүдэд олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа. Түүний нэг нь эдийн засаг, хотын соёлыг дэмжих "Найрамдал" төсөл, "Эрүүл аюулгүй, эрх тэгш ажлын байрны орчныг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна.


Уг төслийг аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Бизнес боломж хөгжлийн гүүр төв НҮТББ-тай хамтран Дархан-Уул аймагт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эрүүл аюулгүй, эрх тэгш ажлын байрны орчныг сайжруулах замаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хөдөлмөрийн шинэ соёлыг хэрэгжүүлэхэд чиглэжээ.




Европын Холбоонд эдийн засаг, улс төрийн нэгдлээрээ 27 тусгаар улс багтдаг байна. Эдгээр улсын долоо нь Монгол Улсад төлөөлөгчийн газраараа дамжуулан үйл ажиллагаагаа явуулж, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 

Related news