БАЯНХОНГОР: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн бүрийн оролцоо чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Замын хөдөлгөөнд бидний оролцоо” сургалт, нөлөөллийн ажлыг Баянхонгор аймагт өрнүүлж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасаг, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Баянхонгор аймаг дахь төлөөлөлтэй хамтран тус сургалтыг зохион байгуулж, аймгийн төвийн төрийн 29 байгууллагын төлөөлөл 125 төрийн албан хаагч оролцов.
Сургалтыг Төрийн албан хаагчийн ёс зүй анхаарах асуудал, Гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар, Замын хөдөлгөөний аюулгүй байдалд чиглэсэн хууль тогтоомж, “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулсан байна.
Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлан таниулах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой тус сургалтыг тогтмолжуулахаар төлөвлөжээ.
Жолооч нар болон иргэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг чухлыг сургалтыг зохион байгуулагчид онцолж байна. Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.7 зааснаар Замын хөдөлгөөний оролцогч гэдэг нь зөвхөн тээврийн хэрэгслийн жолоочийг биш жолооч, явган зорчигч, тээврийн хэрэгсэлд зорчиж яваа зорчигчдыг хамруулсан ойлголт юм. Тиймээс иргэн бүр замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг сануулж байна.