М.Мөнхцэцэг: Дөрвөд, баяд ястны эмэгтэй дээл урлахад 15-20 хоног зарцуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-10 15:26:04

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол угсаатны дээл хувцас, тэр дундаа Увс аймагт оршин суудаг дөрвөд, баяд, хотон, халх ястны дээл хувцас урлаач Мишигдоржийн Мөнхцэцэгтэй цөөн хором ярилцлаа.


-Сүүлийн үед монголчууд аливаа баяр ёслолоор өөрийнхөө ястны дээл хувцсыг өмсөх нь элбэг болоод байна уу?

-Би 1987 онд Нийтийн ахуйн үйлчилгээний техник, мэргэжлийн сургуулийн оёдлын ангийг төгссөнөөс хойш өдийг хүртэл оёж, урлаж ирлээ. Ялангуяа сүүлийн 10 жилийн хугацаанд монгол дээл, хувцас, хэрэглэлийг дагнан урлаж байна. Нэг үеэ бодоход монголчууд дээл, хувцас хэрэглэлийг өмсөх нь улам түгээмэл болжээ.

Миний хувьд ястны дээл хувцас урлахдаа судалгаа их хийдэг. Аймгийн номын сангаас Ж.Ганбат багшийн болон бусад эрдэмтэн багш нарын бичсэн ястны хувцас хэрэглэлтэй холбоотой бүх номыг авч уншсан.


-Аль угсаатны дээл, хувцас хэрэглэлийг ихээр урлаж байгаа вэ?

-Увс аймагт дөрвөд, баяд, хотон, халх ястнууд амьдардаг тул эдгээр ястны дээл, хувцас, хэрэглэлийг ихэвчлэн захиалгаар урладаг. Мөн захчин, торгууд, урианхай зэрэг ястны хувцсыг ч захиалгаар оёж байна.

Дөрвөд, баяд ястны эмэгтэй дээл урлахад 15-20 хоног зарцуулдаг. Гар оёдол ихтэй, уламжлалт аргаар урладаг тул ажиллагаа их шаарддаг. Харин эрэгтэй дээлийн хувьд ойролцоогоор долоо хоногийн хугацаанд гаргадаг. 

Жилийн дөрвөн улирлын турш захиалга тасралтгүй ирдэг бөгөөд борлуулалт ч сайн байдаг. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө ажлын байраар хангаж, өрх гэрээ авч явж ирсэн. Манайх дөрвөн хүүхэдтэй, бүгдийг нь их, дээд сургуульд сургаж төгсгөсөн. 

-Туслах ажилтан бий юу?

-Хоёр туслах ажилтантай, тэднээрээ товч, шилбэ хадуулдаг. Ястны дээл урлахдаа эсгүүр гаргах, гоёл чимэглэл хийх, хээ хуар зурах, зүү ороох зэрэг бүх ажлыг өөрөө гүйцэтгэдэг.

Материалаа Улаанбаатар хот болон Улаангомоос авна. Монгол угсаатны дээл, хувцсыг ихэвчлэн хоргойгоор эмждэг. Мөн бүх төрлийн торго, даавуун материал ашиглаж байна. Манай Увсынхан юүдэн малгай их өмсдөг тул өвлийн болон зуны юүдэн малгайг байнга оёж байгаа. Мөн эмэгтэй тоорцог малгай их оёдог.

Өнгөрсөн хугацаанд аймгийн болон баруун бүсийн үзэсгэлэн худалдаануудад тогтмол амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Мөн “Нүүдэлчин монгол” наадамд аймгаасаа байнга оролцдог.

-Танд баярлалаа.






 

Related news