БАЯНХОНГОР: Оюутан цэргүүд наймдугаар сарын 15 хүртэл сургалтад хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Батлан хамгаалах сайдын 2026 оны А/135 дугаар тушаалаар “Оюутан-цэрэг” сургалтыг орон нутагт зохион байгуулж байна.
Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтад аймгийн Политехникийн коллежийн шалгуур үзүүлэлтүүд хангасан 20 оюутан хамрагдаж байгааг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэв.
"Оюутан-цэрэг" сургалтад хамрагдах оюутнууд 2026 оны энэ сараас зургаадугаар сарын нэгний өдөр хүртэл бямба, ням гарагт Политехникийн коллежийн Цэрэгжилтийн танхимд “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтад хамрагдана. Харин зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн сургалтын нэгдсэн төвд “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” шатны сургалтад хамрагдана.
“Оюутан-цэрэг” хөтөлбөр нь их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь эрчимжсэн цэргийн сургалтад хамруулж, цэргийн албыг тусгай хөтөлбөрөөр хаах боломжийг олгодог. Энэ нь эх орноо батлан хамгаалах мэдлэг, чадвартай, төрийн албанд бэлтгэгдсэн, эрүүл чийрэг, сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд бэлтгэгдсэн залуусын тоог нэмэгдүүлэх, цэргийн дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг бүрдүүлэх зорилготой.
“Оюутан-цэрэг” хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд залуу үеийг эх оронч хүмүүжилтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа юм. 18-25 насны оюутан залуусыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх “Оюутан-цэрэг” сургалтад голч оноо, эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтад тэнцсэн эсэхийг харгалзан элсүүлдэг байна.