БАЯНХОНГОР: ААН, байгууллагын ээлжит тооллого энэ сарын 15-наас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-08 12:47:50

Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого"-ыг бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн энэ сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулна.


Нийт аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм. Энэхүү тооллогын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудаас статистикийн мэдээ, тайланг цахимаар хүлээн авах тогтмол үйл ажиллагаатай цахим систем нэвтрүүлэхээр төлөвлөжээ.


Үүний үр дүнд аж ахуйн нэгж, байгууллагууд орон зай, цаг хугацаанаас үл хамааран статистикийн мэдээ, тайланг илгээх, мэдээлэгч байгууллагад тулгардаг ачааллыг бууруулах зэрэг давуу талтай бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтсээс уриаллаа.

Аж ахуйн нэгжийн 2021 оны ээлжит тооллогод 180.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 53.9 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдсан байна. 180.0 мянган аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2016 оны тооллогын дүнгээс 61.3 мянга (51.7%), 2011 оны тооллогын дүнгээс 114.8 мянга (2.8 дахин), 2006 оныхоос 147.6 мянга (5.6 дахин), 1998 оныхоос 161.1 мянга (9.5 дахин)-аар тус тус нэмэгдсэн байжээ.

Тооллогод хамрагдсан 180.0 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 130.0 мянга (72.2%) нь Улаанбаатар хотод байгаа нь ААНБ-ын төвлөрөл нийслэлд их байгааг харуулсан бол үлдсэн ААНБ-ын 32.5 мянга (18.1%) нь хангайн болон төвийн бүсийн аймгуудад, 17.5 мянга (9.7%) нь баруун болон зүүн бүсийн аймгуудад байршилтай байна.

Related news