БАЯНХОНГОР: XVIII зууны томоохон туурвилын нэг "Гүр дууны бичиг"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-08 12:34:29

Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Чин сүзэгт Номун хан Лувсанноровшэйрав гэгээнтэн гүр дууг анх зохиож, өвлүүлэн уламжилсан нь XVIII зууны эхэн үеэс XIX зууны сүүл хүртэл эрчимтэй хөгжиж байжээ.


Гүрийн 36 дууг жас даллагын найрт, 64 дууг хошуу шавийн дунд найр, уул усны тахилгад, 84 дууг их найр, наадмын үеэр дуулдаг ёстой. Чин сүжигт Номун хан Лувсанноровшэйравын удаа дараагийн дүр хувилгаадын зохиосон "Гүр дууны бичиг" хөгжмийн бүтээл нь XVIII зууны томоохон туурвилын нэг юм.


Гүр гэдэг нь эртний Энэтхэг, Төвөдийн утга соёлын зүйлээс дамжин ирж, монголчуудын шашны зан үйл, түүний дотор сүм хийдийн найрын дуу хөгжмийн төрөл үлэмж дэлгэрсэн нэгэн зүйл дууны төрөл бөгөөд гүр дууны нотыг “Ян-иг” гэдэг. Энэ нь одоогийнхоор хөгжмийн нот бөгөөд Чин сүжигт Номун ханы хийдийн гүр дуу  нь босоо арван шугамд бичигдсэнээрээ онцлогтой.


Гүр дууг зохион туурвигчид нь тухайн үеийн эрдэм боловсролтой шашны зүтгэлтнүүд, лам хувраг, хувилгаад байсан ба ялангуяа “Эрдэнэ ноён цорж” хэмээх цол хэргэмээр шагнуулж, олны дотор хүндийг олж явсан Чин сүжигт Номун хан өргөмжлөлт Лувсанноровшэйрав (1701-1768) болон түүний удаа дараагийн зургаан дүр хувилгаад. Урлагийн энэ ховор нандин үзмэр Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж байдаг.

Одоогоор гүр дууны бичгийн найман гар бичмэл дэвтэр олдоод байгаа бөгөөд Гүр дууны агуулгад орчлон ертөнцийн тухай ойлголтыг маш өргөн утгаар авч тайлбарласан байдаг байна. Гүр дууны шүлгийн агуулга дахь орчлон бол зөвхөн одоо буй хүний амьд орчлон бус, хүний урд төрөл, хойд нас, ирээдүйд дахин төрөл авах буюу хүний оюун санаа, сүнсийн байх орчин гэхчлэн орчлон ертөнцийн үй түмэн үзэгдэл юмсыг орон зай, цаг хугацаа “өнгөрсөн - одоо - ирээдүй” гэсэн харьцаанд маш өргөн утгаар нь авч үзсэн байдаг.


Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж буй Гүр дууны Ян-Иг

Бүтээсэн он: XVIII зууны сүүл, XIX зууны эхэн үе

Материал: Муутуу цаас, бэх

Хэмжээ: 15.7х23.5 см, 285 гр


Related news