ЗАВХАН: Борхайрхан дахь янгирын тархац тэлж өсөлт нь тогтвортой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Цагаанчулуут суманд сэргээн нутагшуулсан янгирын популяц амжилттай нутагшиж, тархац нь тэлэн, өсөлт нь тогтвортой байгааг аймгийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Монгол дахь янгир (Capra sibirica) хад асгатай, уулархаг бүсэд жигд бус тархсан бөгөөд харьцангуй цөөн тооны сүргүүдээс бүрддэг. Дэлхийн байгаль хамгаалах холбооны үнэлгээгээр “анхааралд өртөхөөргүй” ангилалд багтдаг ч бүс нутгийн хэмжээнд “ховордож болзошгүй” тул хамгаалал, судалгааны ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжүүлж байна.
Богдхан уулын дархан цаазат газраас 2023 онд Цагаанчулуут сумын Борхайрхан ууланд нэг тэх, нэг ямааг сэргээн нутагшуулсан. Эдгээр бодгальд ШУА-ийн Биологийн хүрээлэн Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр сансрын дохиолол суурилуулж, нүүдэл шилжилт, тархацыг судалж байна.
Судалгаагаар тус бүсэд янгир амжилттай нутагшиж, тархац нь тэлж буй нь тогтоогдсон байна. Иймд байгаль хамгаалагчид Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй сумдын иргэдийг янгир ямааг үргээж цочоохгүй байхыг анхаарууллаа.
Янгир нь өндөр уулын хад асга, нуранги бүхий бартаатай орчинд нутагладаг, сүргээр амьдрах онцлогтой амьтан юм. Өвлийн улиралд сүргийн тоо нэмэгдэж, 20-иос дээш толгойгоор сүрэглэх нь элбэг. Одоогоор Завханы Хангайн нурууны салбар уулс, хад чулуурхаг бүсүүдэд болон Тосонцэнгэл, Их-Уул, Завханмандал зэрэг сумын нутагт байдаг уулс, хавцлуудад тархан нутаглаж байна.
