ЗАВХАН: Цэргүүдэд ар гэрийнхнийх нь илгээмжийг хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-07 13:35:03

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 7. /МОНЦАМЭ/. Баянхонгор, Архангай аймаг дахь дугаар цэргийн ангид Завхан аймгаас алба хааж буй цэргүүдийг аймгийн удирдлагууд эргэж, алба хааж буй орчин нөхцөлтэй нь танилцлаа.


Баянхонгор аймаг дахь барилгын цэргийн 339 дүгээр ангид аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Гэрэлт-Од, Архангай аймаг дахь Зэвсэгт хүчний 342 дугаар ангид аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаагаар ахлуулсан ажлын баг ажилласан байна. 


Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагаагаар цэрэг дайчдын ахуй нөхцөлтэй танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ гэр бүлийн захидал, илгээмжийг нь хүлээлгэн өглөө. 

Баянхонгор аймаг дахь Барилга инженерийн тусгай батальон Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Их-Уул, Тосонцэнгэл, Улиастай сумын залуус алба хааж, цэргийн эрдэмд суралцаж байна.

Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн удирдлагын зүгээс Завхан аймгийн цэрэг дайчид сахилга бат, хариуцлагаараа бусдадаа үлгэрлэн, албаа нэр төртэй хааж байгааг онцолсон юм. Харин цэргүүд нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн талаар сонирхон асууж, санал бодлоо хуваалцлаа.


Тус ангид алба хааж буй цэргүүд үндсэн цэргийн бэлтгэл сургалтаас гадна жолооны үнэмлэх, мэргэжлийн боловсрол эзэмшиж байна. Мөн зарим цэрэг орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд оролцож, хуримтлуулсан орлогоороо автомашин худалдан авч, амжилттай халагдаж байгааг ангийн удирдлагууд онцолсныг аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн З.Ариунтуяа мэдээлэв.

Архангай аймаг дахь Зэвсэгт хүчний 342 дугаар ангид алба хааж буй цэрэг дайчид


Баянхонгор аймаг дахь Барилга инженерийн тусгай батальон Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид

Завханы 6 сумаас алба хааж буй цэргүүд

Related news