БАЯНХОНГОР: Мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн судалгаат гол, нууруудын мөсний зузаан нимгэрч хэврэгшин, уртын дагуу харилцан адилгүй байгаа тул мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа.
Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авах Баянхонгор сумын Түйн голын түвшин 61 см мөсөн бүрхүүл, усан зах үзэгдэлтэй, Түйн-Богд гол мөс харлах хэл, мөсний зузаан 56 см байна.
Хангайн нуруунаас эхтэй Галуут сумын Цагаантуруут гол ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан 120 см. Заг гол ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан 47 см. Байдраг-Байдраг гол ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан 169 см, Байдраг-Баянбүрд голын усны түвшин 120 см, өтгөн цөнтэй, мөсний зузаан 32 см байна. Харин шаргалжуут голын усны түвшин 119 см, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 72 см байгаа бол Хөх нуурын усны түвшин 98 см, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 121 см байгаа юм.
УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 8-13-ныг хүртэлх 5 хоногт цаг агаар тогтворгүй байх төлөвтэй. 8-нд хангай, хээр талын нутгийн зарим газраар хур тунадас орно, 8, 11-нд Алтайн салбар уулс, говийн нутгаар секундэд 14-16 метр, түр зуур 16-18 метр хүрч ширүүсч явган шороон шуурга шуурна.
Агаарын температур хангайн уулархаг нутгаар шөнөдөө -5 -10 градус хүйтэн, өдөртөө +10 +15 градус дулаан, Алтайн салбар уулс, тал хээрийн нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс +2 градус, өдөртөө +13 +18 градус, говийн нутгаар шөнөдөө +2 +7 градус, өдөртөө +18 +23 градус, Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө +8 +13 градус, өдөртөө +23 +28 градус дулаан байна.
Энэ сарын 9-нөөс бага зэрэг сэрүүснэ.