ЗАВХАН: Тарвага экосистемд чухал үүрэгтэй амьтан бөгөөд хөрсийг гүн сийрэгжүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-06 16:32:38

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 6. /МОНЦАМЭ/. Тарвагатайн нуруунд сэргээн нутагшуулсан тарваганы популяц амжилттай нутагшиж, тархац нь тэлж, өсөлт нь тогтвортой байгааг Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газрын судлаачид мэдээллээ.


ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид болон Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газрын судлаач, байгаль хамгаалагчид хамтран 2020 оноос хойш тарвага сэргээн нутагшуулж байна.


Тухайлбал, 2023, 2024 онд нутагшуулсан тарваганы сүрэг амьдрах орчиндоо дасан зохицож, тархац нутгаа тэлсэн эерэг үр дүн үзүүлж, нутгийн иргэдийн оролцоотой хамгааллын үйл ажиллагаа үр дүнгээ өгч байгааг онцлов.


Судалгааны хүрээнд Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл сум, Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газар болон Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сумын нутагт нийт 80 тарвага нутагшуулжээ. Нутагшуулсан тарвагыг сум, орон нутгийн захиргаа, байгаль хамгаалагчид болон нутгийн иргэдэд хүлээлгэн өгсөн байна. Завхан аймагт тарвагыг Яруу сумын тархац, нөөц бүхий бүсээс барьж сэлгэн нутагшуулжээ.


Тарвага нь экосистемд чухал үүрэгтэй амьтан бөгөөд хөрсийг сийрэгжүүлж, ургамлын ургалтыг дэмжих нөхцөл бүрдүүлдэг. Гэвч сүүлийн 60 жилийн хугацаанд тоо нь эрчимтэй буурч, өдгөө “устаж болзошгүй” ангилалд багтжээ. Судалгаагаар 1990 онд Монгол Улсад ойролцоогоор 20 сая тарвага байсан бол 2001 он гэхэд 5 сая болж, ердөө арав гаруй жилийн дотор 75 хувиар цөөрчээ.


Тарваганы нэг үеийн дундаж амьдрах хугацаа 6 жил бөгөөд хууль бус агналтын улмаас сүүлийн гурван үеийн турш тоо нь 50 гаруй хувиар цөөрсөн байна. Иймд тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг тодорхой хугацаанд хориглодог бөгөөд энэ нь тарваганы нөөцийг сэргээх, мөн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Мөн зөвшөөрөлгүй агнах, мах, түүхий эдийг хэрэглэхийг хуулиар хориглодог бөгөөд иргэдийг энэ талаар онцгой анхаарахыг мэргэжлийн байгууллагууд сануулж байна.


“Амьтад өөрсдөө байгаль орчноо хамгаалж, бусад амьтдад амьдрах орчин бүрдүүлдэг. Иймд хүн төрөлхтөн ч тэднийг хайрлан хамгаалах нь зүйтэй” хэмээн Завхан аймгийн Байгаль орчны газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Болор-Эрдэнэ мэдээллээ.

 

 

Related news