ДАРХАН-УУЛ: Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого энэ сард эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаанд орон даяар аж ахуйн нэгж, байгууллагын /ААНБ/-ын тооллогыг эхлүүлнэ. Найм дахь удаагийн ААНБ-ын тооллогыг угтан төр, төр- хувийн хэвшлийн захирал, нягтлан бодогч, менежерүүдийг хамруулсан зөвлөгөөнийг аймгийн Статистикийн хэлтсээс зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд 5479 ААНБ энэхүү тооллогод хамрагдаж, үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу дөрвөн өөр маягтыг бөглөх юм. Тухайлбал ААНБ, төсөвт байгууллагуудын маягт, төрийн бус байгууллагуудын маягт, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн маягтыг зааврын дагуу бөглөнө.

Тооллогыг биеэр очиж, удирдах ажилтны гар утас, байгууллагын утас болон цахим хэлбэрээр зохион байгуулна.
Дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд явуулах аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг өмнөх жилүүдийн туршлагаас харахад бүх ААНБ-ыг бүрэн хамруулах боломжтой гэж аймгийн Статистикийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жавзанлхам мэдэгдлээ.

Таван жилд нэг удаа зохион байгуулдаг уг тооллогоор байгууллагын үйл ажиллагааны чиглэл, тогтвортой байдал зэрэг мэдээллийг нарийвчлан бүртгэхээр төлөвлөжээ.
Тооллоготой холбогдуулан байгууллагуудыг бэлтгэлээ хангаж, мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг сайжруулахад онцгой анхаарч шинэчлэн баталгаажуулахыг уриаллаа.
