ЗАВХАН: Дээрэлхэлт, гадуурхлыг эерэгээр өөрчлөх үр дүнтэй бүтээлч сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-06 15:46:36

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 6. /МОНЦАМЭ/. Өсвөр насны хүүхдүүдийн дундах нийгмийн зан үйлийг театрт суурилсан арга зүйгээр хөгжүүлэх сургалт боллоо.


Сургалтад театрын урлагт сонирхолтой ерөнхий боловсролын сургуулиудын 10, 11, 12 дугаар ангийн 20 гаруй сурагч хамрагдсан байна. Оролцогчид өөрсдийн дунд тулгамдаж буй асуудлыг жүжигчилсэн тоглолтоор илэрхийлж, нийгмийн зан үйл, харилцааны ур чадвар, хамтын ажиллагаа болон өөрийгөө илэрхийлэх арга зүйд суралцжээ.


Театрт суурилсан арга зүй нь дүр бүтээх, жүжиглэх, дүрд орох үйл ажиллагаагаар дамжуулан өсвөр үеийнхний харилцааны чадварыг сайжруулах, сэтгэл хөдлөлөө зөв удирдах дадлыг төлөвшүүлэхэд чиглэдэг. Мөн үе тэнгийнхний дундах сөрөг хандлага, тухайлбал дээрэлхэлт, гадуурхлыг эерэгээр өөрчлөхөд үр дүнтэй бүтээлч сургалтын хэлбэр юм.

Энэхүү арга зүй нь өсвөр насны хүүхдүүдийн бие физиологи, сэтгэл зүйн онцлогтой холбоотой асуудлыг даван туулахад дэмжлэг үзүүлдэг. Сурагчид дүр бүтээх явцдаа өөрийн дотоод ертөнц, авьяас чадварыг илэрхийлж, өөрийгөө танин мэдэх боломж бүрддэг байна.


Энэхүү сургалтаас оролцогчид хамтран ажиллах, бусдыг ойлгож мэдрэх, эерэг харилцаа тогтоох зэрэг нийгмийн харилцааны чухал ур чадварыг эзэмшжээ. Жүжигчилсэн тоглолтоор дамжуулан асуудалтай нөхцөл байдлыг эргэцүүлж, зөв шийдвэр гаргах, хандлагаа өөрчлөх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломжийг олгосноороо онцлог болов. Мөн оролцогчдод сэтгэл санааны эмзэг үед өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх аюулгүй, нээлттэй орчныг бүрдүүлжээ. 

Иймд театрт суурилсан арга зүй нь өсвөр үеийнхний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж, нийгэмд эерэг байр суурь эзлэхэд дэмжлэг үзүүлэх цогц хөгжлийн хэрэгсэл болохыг Завхан аймгийн соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын урлаг, утга зохиолын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Ариунбаяр онцоллоо.


Сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран зохион байгуулжээ. Театрын мэргэжлийн жүжигчин, жүжгийн зохиолчид удирдан явуулж, оролцогчдод сертификат гардууллаа хэмээн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас мэдээллээ.

Сургалтад оролцогчид

Related news