ЗАВХАН: Политехник коллеж “Зос уул” төслийн багтай хамтран ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-03 17:05:36

Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь Политехник коллеж Дөрвөлжин суманд хэрэгжих “Зос уул” уул уурхайн төслийн багтай хамтран ажиллаж эхэллээ.


Төслийн хүрээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж, уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангажээ.

Улмаар “Тийсс Монгол” ХХК-тай хамтран үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон байна.


Хамтын ажиллагааны хүрээнд талууд энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, орон нутгийн иргэдийн ур чадварыг хөгжүүлэх сургалтыг хамтран зохион байгуулахаар тохиролцжээ.


Мөн уул уурхайн чиглэлийн мэргэжлийн сургалтуудыг хамтран зохион байгуулах, Политехник коллежийн оюутнуудад үйлдвэрлэлийн дадлага хийх боломж бүрдүүлэх, судалгаа, шинжилгээний төсөлд хамтран оролцох, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулсан хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгасан байна.


Үүнээс гадна Политехник коллежийн уул уурхайн мэргэжлийн ангиудыг дэмжих, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тухай Завхан аймаг дахь Политехник коллежоос мэдээллээ. 

Ингэснээр Дөрвөлжин суманд хэрэгжих “Зос уул” төслийн баг холбогдох яамд, байгууллагуудаас шаардлагатай зөвшөөрлүүдээ авч, орон нутгийн хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. 

Хамтын ажиллагааны санамж бичигт Завхан аймаг дахь Политехник коллежийн захирал Д.Цогтбаатар,

“Тийсс Монгол” ХХК-ийг төлөөлж С.Дулмаа нар гарын үсэг зурсан байна.

Related news