ЗАВХАН: Шархадсан бугыг аварч аюулгүй бүсэд шилжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-03 14:37:47

Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг, Загастайн давааны орчимд буга шархадсан тухай иргэний мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.


Чононд ноцуулж эрсдэлтэй байдалд орсон бугыг авран хамгаалах ажлыг Завхан аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн байгууллага, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулж, аюулгүй бүсэд шилжүүлсэн байна.


Бугыг аврах явцад анхан шатны эмчилгээ хийж, шархыг цэвэрлэн судсаар флуниксин (өвчин намдаах, үрэвслийн эсрэг, халуун бууруулах үйлчилгээтэй), булчинд окситетрациклин антибиотик тарьж, гадна шарханд Аламицин аэрозол цацлага хэрэглэжээ. Цаашид амьтны биеийн байдлыг тогтмол ажиглан, шаардлагатай эмчилгээ, арга хэмжээг үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд эдгэсний дараа байгальд нь буцаан тавих юм. Зэрлэг амьтныг хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцсон иргэдэд талархал илэрхийлж байгааг Завхан аймгийн Байгаль орчны газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Болор-Эрдэнэ ярив.


Завхан аймагт нэн ховор амьтан болох халиун бугын судалгааг мэргэжлийн байгууллагууд тогтмол хийж байна. Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2025–2026 онд замналын судалгааны арга зүйгээр хийсэн ажиглалтаар 48 удаагийн бүртгэлээр нийт 801 бодгаль халиун буга бүртгэгджээ.


Сонирхуулахад, Засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 5-ны өдрийн 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталсан. Уг тогтоолын дагуу халиун бугыг (Cervus elaphus) зохих зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгохоос гадна тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлэн нөхөн төлбөр төлүүлэх юм. Халиун бугын экологи-эдийн засгийн суурь үнэлгээ 12.7 сая төгрөг байна.

Халиун буга нь Отгонтэнгэрийн дархан цаазат газрын Хөх нуур, Даян уул, Рашаан голын урд хэсгийн ойт бүсэд тархан амьдардаг бөгөөд өвөл, хаврын улиралд нам дор ой бүхий бүсэд нутаглаж, зуны улиралд өндөр уул, тагийн бүс рүү шилжин байрладаг онцлогтой.


Related news