Би номд л итгэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-03 10:13:59

Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Би ном унших, зураг зурах, тоо бодох, иог хийх, аялах дуртай. Хичээл, давтлага, дугуйландаа яваад миний нэг өдөр өнгөрдөг. Дулаахан өдөр гадаа тоглох, өвөө эмээгийндээ очих ч бас гоё.


Миний унших дуртай ном бол “Хүний ертөнц галтай болсон нь”. Яагаад гэвэл энэ ном миний багадаа уншиж байсан Эрхий мэргэн ба хараацай шувууны тухай үлгэр, домогтой ойролцоо. Хараацайг галд явуулдаг хэсэг надад илүү их таалагддаг; би хараацайг өрөвддөг, бас түүнд талархдаг. Харин надад хамгийн анх гүн сэтгэгдэл үлдээсэн ном бол "Үүлэн үст" юм. Би цэцэрлэгт байхдаа ээжээрээ уншуулаад, өөрөө зургийг нь хараад төсөөлдөг байлаа. Энэ номд сайхан найзалж нөхөрлөх, бусадтай эрх тэгш хандах тухай өгүүлдэг. Зураг нь ч их гоё. 

 

Миний хамгийн их уншсан ном бол “365 өдөр” юм. Би бас нэг удаа ном уншаад өглөөний цай бэлдэж сураад аялалд авч явж байлаа. Малала охины түүхийг уншаад хүн бүр тэгш эрхтэй гэдгийг ойлгосон. Энэ номын талаар ээжтэйгээ ярилцсан. Одоо би “Юмс хэрхэн бүтдэг вэ” гэдэг номыг уншиж байна. Анх уншаад сайн ойлгохгүй байсан ч одоо бага багаар ойлгож эхэлж байгаа. Жишээ нь, зурагт хэчнээн олон давхаргаас бүтдэгийг уншаад их гайхсан. Энэ номд олон сонирхолтой баримт байдаг. 


Миний номын санд 100 гаруй ном бий. Номоос би маш их зүйлийг мэдэж авсан. Заримдаа уншсан номоо дахин дахин унших дуртай. Хүн хүний ярьсан ярианд итгэхээс илүү уншсан зүйлдээ илүү итгэдэг.


Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын "Төгс Алгоритм" сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч У.Намулан

Related news