ЗАВХАН: Сумын номын сан хүүхдийн зохиолуудыг уншигчдад таниулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-02 13:14:27

Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Алдархаан сумын Соёлын төвийн дэргэдэх номын сан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд хүүхдийн ном, уран зохиолыг сурталчлах ажлыг зохион байгууллаа.


Дэлхий даяар жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр олон улсын хүүхдийн номын өдрийг тэмдэглэдэг бөгөөд хүүхдүүдийг ном уншихад уриалах, хүүхдийн уран зохиолын ач холбогдлыг таниулах, уншлагын соёлыг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг.


Алдархаан сумын номын сан энэ өдрийг тохиолдуулан сургуулийн болон цэцэрлэгийн хүүхдүүдэд насанд нь тохирсон дэлхийн шилдэг хүүхдийн номыг танилцуулж, номтой нөхөрлөхийн ач тусыг таниулж, үлгэрийн цаг, номын сайн нөхөр, сонирхолтой номын талаар ярилцжээ.


Түүнчлэн цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулан гарын доорх материал ашиглан үлгэрийн баатруудыг бүтээж, номын клубийн сайн дурын хүүхдүүдээр уншуулж, баатруудыг үйл хөдлөлөөр үзүүлэн илүү сонирхолтой байдлаар танилцуулсан байна. Хүүхдүүд үлгэрийн агуулгыг идэвхтэй ярилцаж, ургуулан бодох чадвараа хөгжүүлдэг нь ажиглагдсан байна.


Мөн номын сангийн явуулын үйлчилгээг сургууль, дотуур байрны хүүхдүүдэд оройн цагаар үзүүлдэг. Дотуур байрны 1-5-р ангийн хүүхдүүд танин мэдэхүйн болон үлгэрийн ном сонирхон уншиж, уншсан номынхоо тухай бодол, сэтгэгдлээ хуваалцах дуртай байдаг. Хүүхдүүдийн амралттай холбоотойгоор явуулын үйлчилгээ түр зогссон ч сумын төвийн хүүхдүүдэд зориулсан олон үйл ажиллагаа үргэлжилж байгааг Алдархаан сумын Соёлын төвийн номын санч Ж.Даваажав ярилаа.


Номын сан нь 10200 гаруй номтой бөгөөд жил бүр 30-40 шинэ номоор баяжуулдаг. Сүүлийн жилүүдэд номын фондоо жилд нэг сая орчим төгрөгөөр нэмэгдүүлж, худалдаа болон хандиваар ном авах ажлыг тасралтгүй хийж байна. Номын санч Ж.Даваажав “Хандив болон бэлгээр ирсэн шинэ ном бүрд уншигчдынхаа өмнөөс баярлаж, талархаж байдаг” гэв.



Related news