БАЯНХОНГОР: Зөвлөлдөх санал асуулгын явц 87.5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-02 14:24:46

Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. “Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын явц Баянхонгор аймагт 87.5 хувьтай үргэлжилж байна.


Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор тус санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн.

Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шатыг энэ сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 3-нд Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар, хоёрдугаар үе шатыг энэ сарын 11-12-нд Улаанбаатар хотод Төрийн ордны Их танхимд зохион байгуулна.


“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгад Баянхонгор аймгийн төвийн нэг багийн 10 иргэн,  гурван сумын 30 иргэн, нийт 40 иргэн сонгогджээ. Судалгаанд хамрагдаж буй иргэдийн 45 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд насны бүлгээр авч үзвэл 18-24 насныхан 10 хувь, 25-34 насныхан 17.5 хувь, 35-49 насныхан 30 хувь, 50-64 насныхан 35 хувь, 65-аас дээш насныхан 7.5 хувь байна. 


"Одоогийн байдлаар судалгааны хамруулалт 87.5 хувьтай, аваагүй байгаа таван иргэнийг өнөөдөр бүрэн хамруулна. Нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 48.8 хувь 2 дахь шатны санал асуулгад хамрагдана гэдэг саналаа өгөөд байна" хэмээн Баянхонгор аймгийн Статистикийн хэлтсийн дарга Г.Ганчимэг мэдээлэв.


Санал асуулгын судалгааны түүврийн арга зүйг Үндэсний статистикийн хорооноос олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, баталсан бөгөөд нийт 1570 иргэнийг оролцуулахаар төлөвлөснөөс 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас оролцож байгаа юм.

Related news