ЗАВХАН: Баянтэс суманд дөрвөн ихэр ишиг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны
дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Завханы Баянтэс сумын Жавхлан багийн малчин
Гомбожавын Пүрэв-Очирын хотонд дөрвөн ихэр ишиг гарчээ.
Тус суманд ямаа 4 ихэрлэсэн
тохиолдол өмнө нь байгаагүй бөгөөд малчид бэлгэшээж байна. Малчин
Г.Пүрэв-Очирынх тэмээнээс бусад малаа дөрвөн төрөл дээр нь өсгөн үржүүлж байгаа
үе дамжсан малчид юм. Энэ хавар бог малаас 250 төл авахаас 50 хувь
төллөсөн байна. Өдгөө тус суманд цастай, хаваржилт хэвийн, мал ид төллөж байна.
Малчдын хэлж буйгаар ямаа ихэвчлэн нэгээс хоёр ишиг гаргадаг бол гурав болон түүнээс дээш ихэрлэх нь харьцангуй ховор тохиолддог байна. Иймд дөрвөн ихэр ишиг төрсөн нь онцгой үзэгдэл болж, нутгийн иргэдийн анхаарлыг татаж байна. Одоогоор эх болон дөрвөн ишиг эрүүл торниж байна. Ихэр ишигнүүдийг тэжээл, арчилгаа сайтай байлгах шаардлагатай тул нэмэлт сүү, тэжээл өгөх зэрэг арга хэмжээг авч эхэлсэн гэж Баянтэс сумын Засаг дарга Т.Анхзаяа мэдээллээ.
Мал аж ахуйн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар олон ихэр ишиг бойжуулахад малчны арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөл чухал нөлөөтэй байдаг. Дөрвөн ихэр ишиг эсэн мэнд бойжвол малчны хотонд тоо толгой нэмэгдэхээс гадна ховор сонин үзэгдлийн нэг болж, тэмдэглэгдэн үлддэг байна.
Сонирхуулахад, Монголд дөрвөн ихэр ишиг гарсан тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгджээ. Тухайлбал, 2012 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн, 2017 онд Үенч суманд, 2015 онд Сүхбаатар аймгийн Уулбаян суманд, 2026 онд мөн дөрвөн ихэр ишиг гарч байжээ.

Баянтэс сумын Жавхлан багийн малчин Гомбожавын Пүрэв-Очир