ЗАВХАН: Театрын анхны гавьяат жүжигчин дуучин, бүжигчин байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-01 16:44:39

Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр уран бүтээлчдээ олон нийтэд таниулах, тэдний амжилтыг алдаршуулах зорилгоор “Зураг түүх өгүүлнэ” нэртэй цахим мэдээллийн цувралыг эхлүүлжээ.


Тус цувралын хүрээнд театрын уран бүтээлчдийн уран бүтээлийн замнал, ололт амжилтыг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ хүүхэд, залуучуудад театрын урлагийн талаарх мэдлэг, ойлголтыг таниулахад чиглэж байна.


Мөн энэхүү танилцуулгаар дамжуулан урлагийн үнэт өв, түүхэн замнал, уран бүтээлчдийн оруулсан хувь нэмрийг сурталчлахыг зорьж буй юм. Энэ удаад Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын анхны Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Лувсандоржийн Жавзангийн уран бүтээлийг онцлон танилцуулжээ.


Гавьяат жүжигчин Л.Жавзан нь Ц.Цэдэнжав, Б.Бааст нарын “Мандухай цэцэн хатан”, Даг.Жамъянгийн “Сэтгэлийн хавар”, Ц.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” зэрэг драмын болон дуулалт 100 гаруй жүжигт гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн байна.


Үүнээс гадна “Дүүриймаа”, “Нуруу нь алаг шаазгай”, “Аргагүй амраг”, “Монгол морь”, “Хар морь”, “Хүүхэн хүний хүслэн”, “Жонон хонгор” зэрэг 100 гаруй дууг гоцлон дуулжээ. Мөн “Эхийн сэтгэл”, “Халиун саарал”, “Галуун цуваа”, “Хүргэн болооч”, “Хөхөө” зэрэг 20 гаруй хоршил дууг хөгжимчин Ч.Дүгэрсүрэнгийн хамтран дуулсан байна.


Түүнчлэн дан болон эмэгтэй найрал дууны бүрэлдэхүүнд 500 гаруй дуу дуулж, Ц.Цэрэннадмид, Ц.Сэрээтэр, Н.Базаржав, Л.Батаа нарын дэглэлт “Монгол бүжиг”, “Залуучууд”, “Татар”, “Орос бүжиг” зэрэг 70 гаруй бүжгийг гоцлон болон хамтран бүжиглэсэн олон талт авьяас бүхий уран бүтээлч байжээ.


Түүний бүтээсэн дүрүүд, уран бүтээл нь өнөөдөр орон нутгийн театр, хөгжмийн урлагийн түүхэнд үнэт өв болон хадгалагдан үлдэж, дуу хоолой нь үе үеийн үзэгчдийн сэтгэлд эгшиглэсээр байна. Театрын зүгээс Лувсандоржийн Жавзан нь Монголын соёл, урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт уран бүтээлч хэмээн онцоллоо.


Сонирхуулахад, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын түүх 1922 онд сайн дурын уран сайханчдын 10 хүний бүрэлдэхүүнтэй бүлгэм байгуулснаар эхэлжээ. Улмаар 1927 онд Улиастайн Монгол бүлгэм нэртэй болсон байна. 1940-өөд оны үед дарга, найруулагч, хөгжмийн багш, бүжгийн багш, жүжигчин зэрэг бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байв.


1958 оны нэгдүгээр сард БНМАУ-ын МАХН-ын Төв хорооны шийдвэрээр Соёлын ордон болон өргөжиж, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байна. Харин 1983 онд аймгийн Соёлын ордныг Хөгжимт жүжгийн театр болгон өөрчлөх шийдвэр гарч, хөгжим, драм, бүжиг, найрал дуу, аж ахуй гэсэн таван ангитайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус театрын анхны даргаар З.Дорждэрэм, ерөнхий найруулагчаар Г.Дэмбэрэлсамбуу, дууны багшаар Н.Содномхүү нар ажиллаж байв.


2001 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр тус театрыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт жүжгийн зохиолч Ламжавын Ванганы нэрэмжит болгосон байна.

Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын анхны гавьяат жүжигчин Лувсандоржийн Жавзан 

Related news