БАЯНХОНГОР: Дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-01 14:22:26

Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Баянхонгор хотын Ерөнхий төлөвлөлтийн дагуу гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах ажлыг Баянхонгор сумын Гэгээн шавь зургаадугаар багаас эхлүүлэхээр төлөвлөлөө.


Зураг төсөв гаргах, багийн иргэдтэй зөвшилцөх уулзалтыг шат дараатайгаар өмнөх жилүүдэд зохион байгуулсан бол энэ онд тус ажлыг эхлүүлэхээр орон нутгаас бэлтгэл ажлыг хангаж байна. 


Дахин төлөвлөлтийн хүрээнд 14 өрхийн 1,5 га талбайд 4 блок, 9 давхар 216 айлын орон сууц, 150 машины зогсоол, тоглоомын талбай болон гадна тохижилтыг хийхээр төлөвлөсөн байна. Сонгон шалгаруулалтыг зарлаж, ажлыг энэ хавар эхлүүлэхээр бэлтгэж байна.


Мөн Баянхонгор аймгийн ууган барилгуудын нэг хуучнаар гурван шар буюу 306, 308 дугаар байрны оршин суугчид орон сууцаа дахин төлөвлөлтөд оруулах асуудлаар аймгийн удирдлагад дахин хандсан. Удаан ашигласан тус байранд жил ирэх тусам амьдрах нөхцөл хүндрэн, 36 айлын төлөөлөл оршин суугчид санал хүсэлтээ илэрхийлэв. Тэд ашиглалтын шаардлага хангахгүй болсон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, нийт оршин суугчдын нөхцөл байдлыг харгалзан, байрыг дахин төлөвлөлтөд оруулахыг аймгийн удирдлагаас хүссэн байна.


Холбогдох удирдлагууд ерөнхий загвар зургийг нягтлан судалсны үндсэн дээр байрыг дахин төлөвлөлтөд оруулах асуудлаар зөвлөлдсөн бөгөөд гурван шарын хоёр байрыг уг төлөвлөлтөд оруулахаар шийдвэрлэжээ. 


Түүнээс гадна Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах авто 18 дугаар бааз, тээврийн товчоо орчимд үйлчилгээ эрхлэгч иргэд аймгийн Засаг дарга холбогдох албадын төлөөлөлтэй уулзалт хийсэн байна.


Уулзалтын үеэр тус орчин дахь үйлчилгээ эрхлэгчид дахин төлөвлөлт хийх болон гадна тохижилтын асуудлаар санал хүсэлтээ илэрхийлжээ. Аймгийн Засаг дарга Э.Энхбат иргэдийн оролцоо, нэгдэл нь төлөвлөлтөд хамгийн чухал болохыг онцолсон бөгөөд бодлогын хэлтэстэй зөвлөлдөн, дахин төлөвлөлт хийх боломжтой нөхцөлийг тодорхойлохоор боллоо.

Related news