ЗАВХАН: Улиастай сумын иргэд стандартад нийцсэн ундны цэвэр ус хэрэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв Улиастай сумын иргэд хлоржуулах төхөөрөмжөөр цэвэршүүлсэн ундны цэнгэг усыг хэрэглэж байна.
Тус сумын ус хангамжийн шугам сүлжээ анх 1983 онд ашиглалтад орсноос хойш удаан хугацаанд иж бүрэн засвар, шинэчлэлт хийгээгүй байсан бөгөөд 2020 оноос эхлэн улсын болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр үе шаттайгаар шинэчлэн сайжруулжээ. Үүний үр дүнд аймгийн хэмжээнд ундны усны хүртээмж нэмэгдэж, нийт 24 сумын суурин хүн амыг 45 худгаар дамжуулан цэвэр усаар хангаж байна.
Тодруулбал, 2020 онд НҮБ-ын Хүүхдийн сан болон KOICA-гийн хамтын ажиллагааны хүрээнд Улиастай суманд хоолны давснаас хлор гарган авч усыг халдваргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулсан. Ингэснээр тус сумын иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан, стандартад нийцсэн ундны ус хэрэглэх боломж бүрдсэн байна.
Одоогийн байдлаар Улиастай сумын 2200 гаруй өрх, 240 аж ахуйн нэгж, мөн зөөврийн усан хангамжаар хангагддаг 2000 гаруй өрх чанарын шаардлага хангасан ундны усны эх үүсвэртэй болжээ. Сумын хэмжээнд хоногт 1200 шоо метр цэвэр ус хэрэглэж байгаа бөгөөд 237 байгууллага, 45 орон сууцны 1701 өрх, гэр хорооллын 5612 өрх ундны цэвэр ус ашиглаж байна.
Аймгийн цэвэр, бохир усны үйлчилгээг “Амь ус” ХХК хариуцан ажилладаг бөгөөд усны чанар, найдвартай байдлыг хангахад анхаарч байна. Тус компанийн мэдээлснээр, Улиастай суманд жилд нийт 365 мянган шоо метр усыг олборлож, инженерийн шугам сүлжээнд холбогдсон 1530 өрхөд төвлөрсөн системээр 256560 шоо метр ус түгээдэг байна. Харин нийт өрхийн 88.3 хувийг эзэлдэг гэр хорооллын иргэдэд 21 ус түгээх байр болон автомашинаар 24 цагийн турш жилд 40180 шоо метр ус хүргэдэг аж.
Өнөөдрийн байдлаар ус түгээх 21 цэгийн 6 нь 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд эдгээр цэгт аймгийн Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран сар бүр усны чанарт шинжилгээ хийж байна. Шинжилгээгээр усны орчны үзүүлэлт, хатуулаг, сульфат, төмөр, нитрат, нитрит, аммони зэрэг бохирдлын түвшинг тогтмол хянаж байгаа юм. Мөн усны алдагдлыг тоолуурын системээр хэмжин хянаж байгааг “Амь ус” ХХК-ийн лабораторийн ажилтан Л.Должинсүрэн мэдээллээ.

Хоолны давснаас хлор гарган авч усыг халдваргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулсан байна.