ЗАВХАН: Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Завхан аймагт хаврын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хуурайшилт нэмэгдэж, салхи шуургатай, цаг агаарын нөхцөл тогтворгүй байна.
Энэ үед агаарын температур огцом хэлбэлзэж, өдөртөө дулаарч байгаа ч шөнөдөө хүйтэн хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор ой, хээрийн болон шар өвсний түймрийн аюул нэмэгдэх эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн нийт нутгийн 40 гаруй хувь нь цастай байгаа бөгөөд хуурайшилтын зэргийг тогтоох судалгаа, ажиглалтыг холбогдох байгууллагууд хийж байна.
Хаврын улиралд газрын чийг багасаж, салхи ихсэхийн зэрэгцээ өдөр, шөнийн температурын зөрүү нэмэгддэг. Мөн Монгол Улсын хэмжээнд бүртгэгддэг хүчтэй салхины 50 орчим хувь нь гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд ажиглагддаг байна. Иймд иргэд, малчид, тээвэрчдийг цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Хаврын улирал нь ой, хээрийн түймрийн эрсдэл ихтэй үе тул ил задгай гал түлэхгүй байх, шүдэнз, тамхины ишийг зориулалтын дагуу бүрэн унтрааж устгах шаардлагатайг албаныхан онцолж байна.
Одоогийн байдлаар Завхан аймагт ой, хээрийн түймэр бүртгэгдээгүй байна. Гэсэн хэдий ч хуурайшилтын үе эхэлж байгаатай холбоотойгоор гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа тул ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд мөрдөж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хэрэгжүүлэхийг Онцгой байдлын байгууллагаас уриаллаа.