ЗАВХАН: Гэрэл зургийн аялалд Хожуулын голын зун хамгийн тохиромжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт оршдог Хожуулын гол нь байгалийн үзэсгэлэнт орчин, ой модоор хүрээлэгдсэн, хурдан урсгалтай гол юм.
Хожуулын гол нь Монголын Хангайн нурууны салбар Тарвагатайн нурууг даган урсдаг бөгөөд элсэн бөөрөг, шинэсэн тармаг, ой модоор хүрээлэгдсэн байгалийн өвөрмөц тогтоцтой бүсэд оршдог. Улаанбаатар хотоос 840 км, Улиастай хотоос 180 км, аймгийн төв замаас баруун тийш 15-20 км зайтай.
Энэхүү бүс нутаг нь халуун рашаанаараа эртнээс алдартай. Тосонцэнгэл сумын өмнөд хэсэг, Марз уулын бэлд оршдог Хожуулын халуун рашаан нь хүхэрлэг найрлагатай бөгөөд үе мөч, арьс, мэдрэлийн болон хоол боловсруулах эрхтний өвчнийг анагаах үйлчилгээтэй гэж нутгийн иргэд, зорин очигсод үнэлдэг. Иймээс рашааны орчимд амралт, сувиллын үйлчилгээ хөгжсөн байна.
Мөн Хожуулын гол орчмын жуулчны баазад жил бүр аялал жуулчлал, уламжлалт өв соёлыг сурталчлах фестиваль зохион байгуулдаг. Жуулчид байгалийн үзэсгэлэнт тогтоц, нүүдэлчдийн ахуй соёлтой танилцахын зэрэгцээ гэрэл зураг авах, малчин айлд зочлох, өдөр тутмын зан үйлтэй танилцах боломжтой.

Хожуулын гол жуулчны бааз