ДАРХАН-УУЛ: “Мини робокон-2026” тэмцээнд бэлтгэл ангийн 105 хүүхэд өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-03-31 16:05:43

Дархан, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/.  Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхэд багачуудын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээнд суурилсан "Шимт" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. "Шимт" хөтөлбөрийн тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг Дархан сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн онд 213 бүлэгт хуваарилсан.


Өнөөдөр тоглоомын аргаар өөрийгөө хөгжүүлэх дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад суурилсан “Мини робокон-2026” тэмцээнийг Дархан сумын ЗДТГ, "Шимт" хөтөлбөрийг анх хэрэгжүүлсэн эхэлсэн 9 цэцэрлэг хамтран зохион байгуулж байна.




Багш, сурагч, эцэг, эхийн хамтын оролцоог ханган зохион байгуулж буй тэмцээнд Дархан сумын 22 цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 105 хүүхэд, 150 гаруй эцэг эх, 30 гаруй багш хамтран оролцож, багийн ажиллагаа, логик сэтгэлгээ, бүтээлч чадвараа сорин өрсөлдөж байна.


Тэмцээнд оролцож байгаа багш, хүүхэд эцэг, эх тус бүр даалгавар гүйцэтгэнэ. Ингэхдээ сугалаа сугалж түүнд өгөгдсөн даалгаварыг богино хугацаанд гүйцэтгэх юм.




Хөтөлбөрийн бодит үр дүн, хүүхдийн хөгжлийн ахиц дэвшлийг танилцуулах зорилготой “Мини робокон-2026” тэмцээнийг цаашид жил зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэж Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа онцолж байна.


Тоглоомын аргын сургалтын хөтөлбөр нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэхээс гадна хичээл, сургалтад илүү сонирхолтой болсныг цэцэрлэгийн багш нар онцолж байна.




Мэдээлэл, технологийн эрин үеийн боловсролын шинэ чиг хандлагад нийцүүлэн хүүхдийн инженерчлэлийн суурь ойлголт, бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлж байгаа боловсролын шинэлэг хөтөлбөрийг Дархан сумын Засаг дарга болон Дархан сумын ИТХ дэмжин ажиллаж байна.




Ташрамд, хүүхдүүд 7 өнгийн 10 төрлийн хэлбэртэй, 3-5 настай буюу сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан тоглоомын блокоос бүрддэг хүүхдийн гарт тохирсон стандарт хэмжээтэй, аюулгүй бүтэцтэй бүтээгдэхүүнээр хүүхдүүд өдөрт 40-50 минут хичээллэж дүрс эвлүүлж сэтгэн бодох чадвараа хөгжүүлдэг байна.

 

Related news