БАЯНХОНГОР: Гурван мандал ууланд руни бичгийн дурсгал бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-03-31 15:52:39
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвөөс зүүн хойш 40 гаруй км-т оршдог баруун хойноос зүүн урагш цувран тогтсон оройг нь тэгш тайрсан мэт сонин тогтоцтой гурван уулыг Гурван мандал хэмээн нэрлэдэг. Энэ газарт хадны зураг олонтойгоос гадна руни бичгийн дурсгал үлдсэн нь онцлог юм.


Цувраа Гурван мандалын хоёр дахь ууланд эртний түрэгийн үеийн бичгийн дурсгал бий. Эдгээр бичээсийг цаг хугацааны хувьд Түрэгийн хаант улсын үеийн дурсгал гэж үздэг. Мөн тухайн үед холбогдох янгир хэлбэртэй тамга зэрэг 29 төрлийн тэмдэг, байшин гэр, зэвсэг зэрэг дүрсэлсэн нь нийт зургийн тодорхой хэсэг нь Түрэгийн үед холбогдож байсныг харуулдаг.


Гурван мандал уулын орчмоор урсдаг Байдрагийн гол бол эртний түрэг нэр юм. Энэ нь монголчилбол Баян-Ааргийн гол гэсэн нэр болох бөгөөд энэ орчимд Түрэгийн хаант улсын томоохон суурьшмал иргэд байсныг харуулдаг.


Гурван мандал нь манай түүхийн олон үеийн дурсгал нэг дор бөөгнөрсөн, түүхэн урт удаан хугацааны турш хүн төрөлхтөн тасралтгүй нутагласаар ирсэн, эртний өв соёлын үнэт дурсгалын газар юм.
Related news