БАЯНХОНГОР: Карбон кредитийн туршлагыг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-03-31 15:09:10
Баянхонгор, 2026 он гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг ойн болон бэлчээрийн нөөцийн нүүрстөрөгч шингээх төслүүдийг хөгжүүлэх, удирдах, шингээгчийг тодорхойлох, арилжаалах суурь нөхцөлийг бүрдүүлэхээр Олон улсын карбон кредитийн ХХК-тай хамтран ажиллахаар болжээ.
Тус компани нь БНХАУ-ын Хүбэй мужид ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд хамтын ажиллагаагаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрстөрөгч шингээлтийн хөрөнгийн орлогыг бүрдүүлэх нөхцөлийг бий болгох зорилготой.

Гэрээний дагуу 2019 оноос хойш Баянхонгор аймагт хийсэн ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлуудыг хамруулан цаашдын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг нягтлан хэрэгжүүлэх юм.


Карбон кредит нь агаар мандалд 1 тонн нүүрсхүчлийн хий ялгаруулахыг сааруулах эсвэл шингээсэн тохиолдолд олгогддог санхүүгийн хэмжүүр бөгөөд байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлсэн компаниуд уг кредитээ хүлэмжийн хий их ялгаруулдаг компаниудад худалдах боломжтой.

НҮБ-аас баталгаажсан карбон кредитыг компаниуд болон засгийн газрууд олон улсын болон дотоодын зах зээл дээр худалдан авч, ялгаруулсан хүлэмжийн хийгээ нөхөн төлдөг байна.

Related news