ДАРХАН-УУЛ: Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд өдөрт 7 иргэнээс мэдээлэл авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-03-31 14:40:15

Дархан, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 3 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 3-ны хооронд “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг түүврийн аргаар зохион байгуулж байна. Энэ санал асуулгаар үндэсний баялгийн сангийн хөрөнгийг хэрхэн арвижуулах, зөв зарцуулах талаар иргэдийн саналыг сонсох юм.


Улсын хэмжээнд 1570 иргэн “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” санал асуулгад оролцох бөгөөд үүнээс 740 нь Улаанбаатар хотоос, 830 нь орон нутгаас оролцоно.


Харин Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Шарын гол, Орхон сумаас 50 иргэнийг хамруулахаар болжээ.


Санал асуулгын үндсэн зорилго нь:

  • Нэгдүгээрт, газрын хэвлийн баялгийн өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх.
  • Хоёрдугаарт, үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх.
  • Гуравдугаарт, иргэд олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх.
  • Дөрөвдүгээрт, Монгол Улсын үндсэн хуулийн гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангахад чиглэжээ.
Нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг тэнцвэртэй оролцуулах уг судалгааг аймгийн хэмжээнд гурван мэдээлэл цуглуулагч ажиллаж өдөрт дунджаар 7 иргэнээс авч байна.


Үндэсний Статистикийн хороо, аймгуудын Статистикийн хэлтэс уг судалгааг хариуцан ажиллахын зэрэгцээ 157 түүврийн анхан шатны нэгж, 77 мэдээлэл цуглуулагч ажиллаж байна.

Related news