ЗАВХАН: Цэвдэг хайлалт зам, барилгын эвдрэлд нөлөөлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр газрын гүн дэх температур нэмэгдэж, цэвдэг хайлах үзэгдэл эрчимжсэн нь зам, барилгын чанарт сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна.
Завхан аймаг нь Хангайн уулархаг бүсэд оршдог бөгөөд цэвдгийн тархалт өндөртэйд тооцогддог. Монгол орны нийт цэвдэгт бүсийн 11.4 хувь нь тус аймагт хамаардаг.
Аймгийн нийт 82,455.7 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийн 52,888 хавтгай дөрвөлжин км буюу 64.1 хувь нь цэвдэгтэй байна. Хангайн уулархаг мужид цэвдгийн мониторингийн 25 цэг байдгаас Завхан аймагт хоёр цооногт температурын байнгын хэмжилт хийж байна. Судалгаагаар Нөмрөг сум орчимд цэвдгийн өөрчлөлт тод ажиглагдаж байгаа бөгөөд 10 метрийн гүн дэх температур 1981 онд -0.75 хэм байсан бол сүүлийн жилүүдэд -0.36–-0.39 хэм болж дулаарсан үзүүлэлттэй байна.
Цэвдэг нь гадаргын болон гүний усны чухал эх үүсвэр болж, экосистемийг тэтгэдэг ч инженерийн нарийвчилсан судалгаагүйгээр барилга, байгууламж барихад хөрсний суулт үүсэх, улмаар эвдрэлд хүргэх эрсдэлтэй. Монгол Улсын хэмжээнд 100 гаруй сум, 1200 орчим км хатуу хучилттай авто зам цэвдэгтэй бүсэд байрлаж байна.
Цэвдэгтэй хөрсөнд барилга барих үед барилгын дулааны нөлөөгөөр цэвдэг хайлж, хөрсний даац буурснаар суулт үүсэх нөхцөл бүрддэг. Иймд цэвдэгтэй бүсэд барилга байгууламж барихад мэргэжлийн судалгаа, төлөвлөлт, инженерийн шийдэл зайлшгүй шаардлагатай юм.
Сүүлийн гурван жилийн хугацаанд орон нутгийн зүгээс цэвдэгтэй бүсэд баригдаж буй барилга байгууламжид нарийвчилсан тооцоо судалгаа хийлгэх, хяналтыг сайжруулах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлж байна. Мөн цэвдэгтэй бүсэд авто замын хөрс улирлын чанартай хөлдөж, хайлах үйл явцын улмаас замын эвдрэл нэмэгдэж байна.
Судалгаагаар авто замын орчмын цооног дахь цэвдгийн температур эрчимтэй дулаарч, зарим хэсэгт замын далангийн доорх цэвдэг бүрэн хайлсан байна. Үүний улмаас хатуу хучилттай авто замд овойлт, суулт, ан цав үүсэх, үер усанд автах зэрэг эвдрэл ихээр ажиглагдаж байна. Эдгээр гэмтэл нь зам ашиглалтад орсноос хойш 2–3 жилийн дараа илэрдэг бөгөөд эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна.
Иймд цэвдгийн нөлөөгөөр эвдэрч буй авто замыг зөвхөн засварлах бус, суурь шийдэл бүхий арга хэмжээ авах шаардлагатайг албаныхан тэмдэглэж байна. Түүнчлэн цэвдэгт бүс нутгийн авто зам, барилга байгууламжийн төлөвлөлт, зураг төсөл, гүйцэтгэлд цэвдгийн нөхцөлийг зайлшгүй тусгах шаардлагыг холбогдох байгууллагуудад тавьж ажиллаж байна хэмээн Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээллээ.