БАЯНХОНГОР: Тусгай хэрэгцээт иргэдэд ээлтэй орчин бүрдүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Иргэд орчин үеийн стандартад нийцсэн, жигд хүртээмжтэй орчинд нийгмийн даатгалын үйлчилгээ авах боломжтой боллоо. Тодруулбал, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар 48 жилийн дараа шинэ барилгатай болж, үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрджээ.
Өдгөө 40 албан хаагчтай Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар анх 1978 онд сувиллын зориулалтаар барьсан хоёр давхар, 583.3 м.кв талбайтай барилгад үйл ажиллагаагаа эхэлжээ. Гэвч 2021 онд мэргэжлийн хяналтын газраас барилга нь төрийн үйлчилгээний байгууллагын эрүүл ахуйн стандарт, шаардлагыг хангахгүй гэж дүгнэлт гаргажээ. Улмаар 2023 оны улсын төсөвт 2.7 тэрбум төгрөг суулгаж, 2024 оны дөрөвдүгээр сараас “Бодьхангай” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж, хугацаанаас нь өмнө улсын комисст хүлээлгэн өгсөн байна.
Гурван давхар, 1098 м.кв талбайтай шинэ барилга нь давхар бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөө, сургалтын заал, амралтын өрөө, гал тогоо, хүүхэд, ахмадын өрөөг тус тус шийджээ.
Нийгмийн даатгалын газраар голчлон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүд, хүүхэд харах хүнгүйн улмаас хүүхдүүдээ дагуулсан эхчүүд, тусгай хэрэгцээ шаардлагатай иргэд үйлчлүүлдэг. Өмнөх барилгад тэдэнд зориулсан хүүхэд саатуулах, хуурайлах өрөө, тусгай хэрэгцээт иргэдийн ариун цэврийн өрөө байгаагүй бөгөөд дулааны шугам муу байсан тул ус алдах, хүйтэнд халаалтаа бүрэн авахгүй зэрэг хүндрэл гардаг байжээ. Шинэ барилгатай болсноор эдгээр хүндрэлийг арилгаж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлжээ.
Шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат, НДЕГ-ын дарга Б.Батжаргал, анхны дарга Х.Энэбиш нарын тус байгууллагын үе үеийн төлөөлөл, холбогдох төрийн байгууллагын удирдлага, үйлчлүүлэгчид болон Б.Азжаргал даргатай НДГ-ын хамт олон оролцжээ.