ЗАВХАН: Театрын 60 орчим уран бүтээлч соёлын үйлчилгээг үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дэлхийн театрын өдөр өнөөдөр тохиож байна.
Эв нэгдэл, харилцан ойлголцол, энх тайвныг эрхэмлэсэн уриан дор дэлхий нийтээр тэмдэглэдэг энэ өдрийг Монгол Улс 1990-ээд оноос хойш тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Уг өдөр театрын урлагийг олон нийтэд сурталчлан таниулах, шилдэг уран бүтээлийг толилуулах, салбарын хөгжил, чиг хандлагыг хэлэлцэхэд чиглэдэг онцлогтой.
Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр 2025 онд 122.3 мянга гаруй үзэгчдэд үйлчилсэн бол 23 сумын Соёлын төвийн уран бүтээлчид 49.9 мянга гаруй иргэнд соёлын үйлчилгээ хүргэсэн байна. Тус театрт 60 орчим уран бүтээлч ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тайзны томоохон хэмжээний таван бүтээлийг үзэгчдийн хүртээл болгожээ.
Тухайлбал, 2025 оны 11 дүгээр сард “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг орон нутгийн жүжигчид, үзэгчид, хандивлагчдын дэмжлэгтэйгээр толилуулсан байна.
Үүнээс өмнө 2016-2018 онд “Өндөр гэгээн” анхны дуулалт жүжгийг тайзнаа тавьж, 2019 онд зохиолч Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” зохиолыг мюзикл хэлбэрт оруулан үзэгчдэд хүргэжээ.
Мөн 2021-2022 онд “Жангар” туулийг хүүхдийн жүжиг болгон найруулж, 2023 онд “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон байна.
Түүнчлэн Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан усны Хүннүгийн язгууртны дурсгалт газарт хийсэн археологийн судалгаагаар язгууртны оршуулгын цогцолбор илэрч, уг дурсгал нь Хүннүгийн үеийн бүртгэлтэй арав дахь дурсгалт газар болсон. “Асарын өндөр” түүхэн жүжгийг энэхүү дурсгалт газартай холбон Завхан аймгийн 100 жилийн ойд зориулан тайзнаа тавьжээ.
