Баянхонгор аймагт хоёр театр үйл ажиллагаа явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дэлхийн театрын өдөр өнөөдөр тохиож байна. 1962 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэж иржээ.
Театрын урлаг нийгмийн соёлтой салшгүй холбоотойгоор хөгжиж ирсэн. Түүний хөгжил нь зөвхөн техник, технологи, уран бүтээлчдийн чадвараас хамаарахгүй, харин үзэгчидтэйгээ хамт хөгждөг онцлогтой тул бусад урлагаас ялгардаг. Орчин цагт хүмүүс техник технологид илүү автаж, урлагийн бүтээлүүдийг дэлгэцээр үзэх боломжтой болсон ч театр нь амьд харилцааны урлаг учраас үзэгчдэд илүү гүн мэдрэмж төрүүлж, соён гэгээрүүлэхээс гадна ёс суртахууны хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй хэвээр байна.
Баянхонгор аймаг хоёр театртай.
Аймгийн Хөгжимт драмын театрын түүхэн замнал нь 1942 оноос эхтэй. Анх 2 гэртэй байгуулагдан аймгийн Клуб нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд клубийн нээлтээр Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг хуучин эхээр, “Цэнд комиссар”, “Ардын зориг”, “Харанхуй засаг” зэрэг драмын жүжиг, концертыг тоглож байжээ.
Аймгийн клуб нь 1953 онд орон тооны 13 жүжигчинтэй болж өргөжин, тухайн үед уран бүтээлийн бие даасан анги бий болоогүй байсан учраас 13 жүжигчин нь жүжиглэдэг, дуулдаг, шүлэг уншдаг, бүжиглэдэг, хөгжим ч тоглодог байсан байна. Харин 1958 онд аймгийн клубийг Соёлын ордон болгон өргөтгөж орон тооны 18 жүжигчинтэй, 30 гаруй сайн дурын уран сайханчтай ажиллаж, мөн үеэс дуу, хөгжим, бүжиг, драм, үйлдвэр зохион байгуулах зэрэг мэргэжлийн ангиудтай болжээ.
Улмаар 1977 онд 600 гаруй хүний суудалтай, 80 шахам уран бүтээлчтэй, нийт 110 ажилтантай мэргэжлийн урлагийн байгууллага болж, театрын нээлтээр Төрийн шагналт, УГЗ Бирваа, Рэгсүрэн нарын “Эрдэнэтээлийн уянга” дуурь, “Гурван бүсийн нутаг” концертыг тоглосон байна. Ийнхүү аймгийн Соёлын ордон мэргэжлийн урлагийн байгууллага Хөгжимт драмын театр болсноор жинхэнэ мэргэжлийн өнгө аястай болж, хөгжимт драмын чиглэлээр хөгжих үндэс суурийг тавьсан түүхтэй.
Мэргэжлийн театр болон үүсэн байгуулагдсанаас хойш зохиолын болон орчуулгын 40 гаруй жүжиг, 20 гаруй дуурь, 183 концертын уран бүтээл туурвиж үзэгчдийн хүртээл болгожээ. Одоо тус театр хөгжим, найрал дуу, бүжиг, драм, захиргаа аж ахуй зэрэг бүтцийн таван ангитай, 60 гаруй албан хаагчийн 80 шахам хувь нь уран бүтээлчид байна.
Баянхонгор аймгийн Тэмүжин театр нь 1986 онд байгуулагдсан Монголын анхны хүүхдийн театр юм. 40 жилийн түүхтэй тус театр 30 гаруй ажилтан, дөрвөн албатай, сургалт, уран бүтээл гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Театрынхан жилийн турш хүүхэд багачуудад зориулсан хуваарьт 12 тайлан тоглолтыг тавьдаг бөгөөд бүжиг, драм, үндэсний хөгжим зэрэг дугуйлан хичээллүүлдэг.