ЗАВХАН: "Мөнхөд гэрэлтэх диваажин"-г тайзнаа дахин тавина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дэлхийн театрын өдөрт зориулан Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын тайзнаа Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ч.Алтантүлхүүрийн зохиол “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг толилуулна.
Тус жүжгийг 2025 онд театрын уран бүтээлчид шинээр дэглэн тайзнаа тавьсан бөгөөд шашин, төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжавын амьдрал, үзэл санаа, үйл хэрэг, эх оронч гавьяаг бүжгэн жүжгийн хэлбэрээр илэрхийлсэн бүтээл юм.
Өнгөрсөн хугацаанд уг жүжгийг хот, хөдөөгийн 3400 гаруй үзэгч үзсэн байна.
Жүжгийн ерөнхий найруулагчаар МУУГЗ Д.Баярбаатар, хөгжмийн зохиолчоор МУУГЗ Б.Алтанхуяг, туслах найруулагчаар МУСТА А.Отгон ажиллаж, гол дүрд Хөгжимт жүжгийн театрын гоцлол бүжигчин МУСТА М.Дэлгэрсайхан тогложээ.
Түүнчлэн орон нутгийн театрын жүжигчид болон Хөгжим бүжгийн коллежийн оюутан, сурагчид оролцож, нийт 70 орчим уран бүтээлч хамтран ажилласан байна.
Уг бүтээлээр дамжуулан хүний амьдралын утга учир, үйлийн үр, дотоод сэтгэлийн гүн ухаан, эх нутаг, байгаль дэлхийтэйгээ салшгүй холбоотой орших мөн чанарыг уран сайхны хэлээр илэрхийлэхийг зорьжээ.
Зохиогч Ч.Алтантүлхүүрийн онцолсноор “Мөнхөд гэрэлтэх диваажин” нь нэгэн насны ахуйгаас давсан утга учир, хувь тавилангийн мөнхийн холбоог дүрслэн харуулсан бүтээл юм.

