БАЯНХОНГОР: Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 130 өрхийг сонгон хамруулахаар болжээ.
Зорилтот өрхийн хэрэгцээ, боломжид тулгуурлан орлогын эх үүсвэр бий болгох, санхүү, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамруулах, хөдөлмөрийн чадвартай боловч ажил олоход хүндрэлтэй иргэдийг дэмжих замаар өрхийн бие даан амьдрах чадавхыг сайжруулах зорилгоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Мөн Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл залуучуудын хөдөлмөрт хандах хандлага, бүтээлч байдлыг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, эх орондоо тогтвортой, бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг 2026 оны үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2026–2027 оны хөтөлбөрийн хүрээнд 2026 онд 2214 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээнд, 1076 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамруулахаар төлөвлөснөө Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлөөс мэдээлэв.
Тус зөвлөл энэ оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлж, улирал бүр тогтмол хуралдахаар болж, бодлогын хэрэгжилтийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн тулгамдсан асуудлыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шуурхай шийдвэрлэх, салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор мэдээллийн сан бүхий нэгдсэн системийг бий болгохоор зорьжээ.
Шинэчлэн байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл “Халамжаас хөдөлмөрт” зорилтыг бодит ажил хэрэг болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж байна.