БАЯНХОНГОР: Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хүүхдийг ивээх сан, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат нар гарын үсэг зурж баталгаажуулав.
Санамж бичгийн хүрээнд талууд Баянхонгор аймгийн 14-25 насны хүүхэд, залууст хувь хүний ур чадвар, боловсрол олгох төслийг хамтран хэрэгжүүлэх, Баянхонгор аймгийн сум, багт ажиллаж буй хамтарсан баг, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг арга зүйгээр дэмжих, чадавхжуулах сургалт зохион байгуулах, ажлын байранд нь зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оролцоо, санаачилгыг дэмжих, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд хамруулж, чадавхжуулах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллана.
Хүүхдийг ивээх сан Япон улсын ГХЯ-ны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оноос Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй. Энэхүү төслөөр зорилтот орон нутагт бага насны хүүхдийн хөгжлийг цогц хүртээмжтэй дэмжих загварыг орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлэгч төрийн өмчийн байгууллагуудад (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, цэцэрлэг) түшиглэн бий болгох юм.