БАЯНХОНГОР: Эрчим хүчний төлөвлөлтийн нийтийн сонсгол хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу төлөвлөлтийн сонсгол хийхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс нийслэлээс Чингэлтэй дүүрэг, орон нутгаас Баянхонгор аймгийг сонгожээ. Тус үйл ажиллагааны хүрээнд аймгийн Засаг дарга Э.Энхбатын урилгаар холбогдох талууд Баянхонгор аймагт уулзалт хийв.
Баянхонгор аймгийн Эрчим хүчний салбарын бодлого, нөхцөл байдал, цаашдын төлөвлөлт, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр нэмэгдүүлэх бодит тооцооллыг нэгтгэн дүгнэх, бүх нийтэд мэдээллээ ил тод хүргэх үүднээс эрчим хүчний төлөвлөлтийн сонсголыг тус аймагт ирэх тавдугаар сарын 2, 3-нд зохион байгуулахаар товлолоо.
Төлөвлөлтийн нийтийн сонсголын үеэр дотоод гадаадын дулаан, эрчим хүч үйлдвэрлэгчдийн нээлттэй өдөрлөгийг /үзэсгэлэн худалдаа/ төв талбайдаа өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулах юм.
Утааг бууруулах үндсэн зорилтын хүрээнд эрчим хүчний төлөвлөлтийн сонсголыг зохион байгуулахдаа төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэд олон нийтийг чиглэл тус бүрээр нээлттэй оролцуулахаар талууд төлөвлөж байна.