ДАРХАН-УУЛ: “Хөгт хүн” үзэсгэлэнд 40 гаруй хэл хуур дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн музейд “Хөгт хүн” нэртэй хэл хуурын үзэсгэлэн нээлээ. Үзэсгэлэнг Монгол угсаатан хэл хуурчдын холбоо санаачилж, Дархан-Уул аймаг дахь салбар холбоо, соёлын өв тээгч О.Туул болон аймгийн музейтэй хамтран зохион байгуулж байна.
Монгол түмний уламжлалт хэл хуураас гадна ОХУ, Вьетнам, Бразил, Япон, Австри, Нидерланд, Беларусь зэрэг 36 орны 40 гаруй хэл хуур, хулсан хуур, төмөр хуур, ясан хуур, нуман хуурыг дэлгэн харуулж байна.


Үүнээс үзэхэд хэл хуур нь цаг хугацааны хувьд эртний гэх нэрийг ашиглаж зөвхөн монголд төдийгүй дэлхийн 160 гаруй улсад хэрэглэж байсан, одоо ч эгшиглүүлж буй соёлын өв юм.

Хэл хуур нь хийц, урлалаасаа шалтгаалан өөр өөр дуугаралт, өнгө аясыг илэрхийлдэг. Орчин үед үүнийг бөө мөргөлтэй холбон тайлбарлаж, зөвхөн онгодтой хүмүүс хэрэглэдэг гэж үздэг ч үнэн хэрэгтээ хэл хуур эртнээс хэрэглэж ирсэн уламжлалтай. Мөн улс, үндэстэн бүхэн өөр өөрсдийн түүх, цаг уур, байгалийн онцлогт тохируулан хийц, хэлбэр, хэмжээгээ сонгон урлаж эгшиглүүлж ирсэн байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Соёлын элч, Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч Б.Нарандэлгэр, ССАЖЗГ-ын дарга Х.Соёл-Эрдэнэ, тус холбооны Дархан-Уул аймаг дахь салбарын тэргүүн, гишүүд оролцлоо. Морин хуурын гоцлол, хэл хуурчдын эгшгээр эхэлсэн үзэсгэлэнгийн үеэр зургаан хэл хуур сонирхон суралцагч гишүүнээр элсэж түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран оролцохоор болж үнэмлэхээ гардан авлаа.