БАЯНХОНГОР: "Үлгэрч өвөө" багачуудын нийгэмшихүйн суурь чадварыг дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгээр “Үлгэрч өвөө” үйл ажиллагаа энэ оны нээлтээ хийж, эхний үлгэрээ үзэгчдэд хүргэлээ.
Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхдийн Тэмүжин театр, аймгийн Түүх-угсаатны зүй, байгалийн музей, Баянхонгор сумын 1, 4 дүгээр цэцэрлэгүүд хамтран тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Үлгэрч өвөө нь уран зохиолын агуулга, уран сайхны дүр дүрслэл, яруу сайхан хэллэгийг ашиглан сайн талын баатрын хөдөлмөрч, үнэнч шударга, эрэлхэг зоригтой, нөхөрсөг шинж төрхийг хүүхдэд ойлгуулж, тэдний хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх, өв тэгш төлөвшилд хувь нэмэр оруулах зорилготой.
Тус үйл ажиллагаанд нэгдүгээр цэцэрлэгийн ахлах а, б бүлэг, дөрөвдүгээр цэцэрлэгийн ахлах бүлгийн 141 хүүхдийг хамруулах бөгөөд энэ сараас 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
“Үлгэрч өвөө”-г сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөртэй уялдуулан зохиолд суурилсан арга зүйгээр хүүхэд багачуудыг төлөвшүүлэн, хүмүүжүүлж нийгэмшихүйн суурь чадварыг дэмжих ач холбогдолтой.