БАЯНХОНГОР: Сансрын нисэгчдийн хөшөө хоёр давхар байшинтай дүйцэхүйц өндөртэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол хүн хамтарсан багаар сансарт ниссэн түүхт өдрөөр Баянхонгор аймгийн 1 дүгээр сургуулийн хашаанд сансрын нисэгчдийн хөшөөний суурийг цутгаж, мөн ондоо хөшөөг бүтээн босгож байжээ.
Хөшөө нь хоёр давхар байшинтай дүйцэх өндөртэй бөгөөд хоёр орны нисэгч, сансрын хөлгийг дүрсэлсэн хэлбэртэй.
"Номун далай" цогцолбор сургуулийн бүх багш, ажилтан, суралцагч, төгсөгчдөд сансрын нисэгчдийн хөшөөний өмнө авахуулсан зураг байх бөгөөд монгол хүн сансарт ниссэний түүхт өдрөөр хөшөөнд хүндэтгэл илэрхийлдэг. Тус сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинэ сургуулийг ашиглалтад оруулсан ч тус хөшөөг байсан газарт нь хэвээр үлдээжээ.
1981 оны гуравдугаар сарын 22-нд Улаанбаатарын цагаар 22 цаг 59 минутад сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-ны 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй. Нисэх багийнхан сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, энэ хугацаандаа дэлхийг 124 удаа тойрчээ.
Сонирхуулахад, хуучнаар Нэгдүгээр арван жилийн сургууль, одоогийн Номун далай цогцолбор сургууль нь Цэцэрлэг мандал уулын Баянхонгор хайрхан уулын хошууны Улаан булаг гэдэг газар одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт хошуу танхим анх удаа байгуулж, 1923 онд 25 сурагч, 2 багштайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.