Сансрын нисэгчид монгол орны дээгүүр өнгөрөх үеэр сүү өргөх гээд ажлаасаа хоцорсон түүх бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. 1981 оны гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө миний амьдралын нэгэн тод дурсамжтай мөч өнгөрсөн юм. Монгол хүн сансарт ниснэ гэсэн баярт яриа эх орон даяар цуурайтсан бахархалт өдөр л дөө.
Тэр өдрийн шөнийн 23:00 цагт ажил дээр бэлэн байх зар мэдээ авлаа. Тухайн шөнө "Лениний зам" сонины хариуцлагатай эрхлэгч Ш.Рэнцэн, хариуцлагатай нарийн бичгийн дарга А.Хоогой, сонины хянагч миний бие, сурвалжлагч Б.Оргодол, мөн сонины хэвлэх үйлдвэрийнхэн ажилласан.
Энэ шөнө сонинд орох зураг нь дээд газруудаас ирэлгүй шөнийн 01:00 цаг хүртэл хүлээж байж Ж.Гүррагчаа, В.А.Жанибеков хоёрын гэрэл зураг болон тайлбар намтар нь ирж, манайхан шөнөжин ажиллаж сонингоо амжилттай хэвлэж, 1981 оны гуравдугаар сарын 23-ны өглөө тарааж байсан гэгээн дурсамж сэтгэлд тодхон үлдсэн байна. Тэр үед хорин хэдхэн настай байсан би өдгөө 70 гарсан өвгөн бичээч болжээ.
Монгол хүн сансарт ниссэн нэвтрүүлгийг 23-ны өглөө сониныхоо улаан буланд орж хамт олноороо үзэхэд дэвтэрлэгч Ж.Нямхүү хамгийн өмнө хөлөө жийж тухлан үзээд, "Ярих юм алга" гэж нулимс унагааж байсан. Мөн сансрын нисэгчид монгол орны дээгүүр нисэн өнгөрөх өдөр үдийн цайндаа явсан дэвтэрлэгч маань 15:00 цаг өнгөрөөж ажилдаа ирсэн. Тэгээд ажлаас хоцорсон учраа сансрын нисэгчдэдээ сүүгээ өргөөд ирлээ хэмээн тайлбарлаж байж билээ.
Ийнхүү Зөвлөлт-Монголын хамтарсан “Союз-39” сансрын нислэг амжилттай болж, Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь орон болсон түүхийн гэрч нь Төрийн архив дахь тухайн үеийн аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны төв хэвлэл "Лениний зам" сонины шарласан хуудсанд үлдсэн юм.
Пагвын Санаадагва /Баянхонгор аймгийн Улсын тэргүүний Галуут сумын уугуул, МУСГЗ, сэтгүүлч/