ДАРХАН-УУЛ: Ерөнхий боловсролын сургуулиудад орос хэлний танхим байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга Б.Азжаргал албаны төлөөллийн хамт ОХУ-аас Дархан-Уул аймагт суухаар шинээр томилогдсон Ерөнхий консул Артём Валерьевич Огановтай албан ёсны танилцах уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
ОХУ, Монгол улс тэр дундаа ах дуу найрамдалт харилцаатай Дархан-Уул аймагтай нийгэм, эдийн засаг, аж үйлдвэр, соёл урлаг, боловсрол эрүүл мэнд зэрэг бүх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжиж ажиллана гэдгээ энэ үеэр мэдэгдэв.

Хамтын ажиллагааны эхлэл болгож
боловсролын салбарт хүүхэд, залуусын орос хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч
ажиллана. Энэ хүрээнд эхний ээлжид ЕБ-ын хоёр сургуулийг сонгон орос хэлний танхим байгуулахаар харилцан
тохиролцлоо.
Аймгийн Засаг даргын зүгээс ОХУ-аас
Дархан хотод ажиллаж амьдарч буй иргэдийн нийгэм, эрх зүйн асуудалд анхаарал хандуулахаа уламжилж, нийт иргэдийнхээ өмнөөс цаашдын ажилд нь амжилт
хүслээ.
Хоёр орны
хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн чуулга уулзалт, форумыг энэ онд зохион
байгуулахаар талууд төлөвлөсөн. Түүний нэг нь Дархан хотын эдийн засаг соёлын өдрүүд тавдугаар сард ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод зохион байгуулах юм.