ДАРХАН-УУЛ: Төрийн албан хаагчдыг БНЭУ-д мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэг өнөөдөр аймгийн засаг дарга хүлээн авч уулзлаа. Уулзалтаар соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар талууд санал солилцлоо.

Түүнчлэн эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудыг чадавхжуулах, цахим сургалт зохион байгуулах болон Энэтхэг улсын нарийн мэргэжлийн эмч нарыг Дархан хотод авчрах талаар ярилцлаа. Мөн тус улсын түүх, соёлыг таниулах соёлын өдөрлөг зохион байгуулах, тус улсад хүүхэд, залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, төрийн албан хаагчдыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах талаар санал солилцсон юм.
Аймгийн Засаг даргын санаачилгаар өнгөрсөн онд төрийн албан хаагчдын англи хэлний академик мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор IELTS-ын гурван сарын сургалт зохион байгуулж, 60 төрийн албан хаагч хамрагдсан байна.

Ташрамд, Монгол Улсаас БНЭУ-д суухаар томилогдсон анхны Элчин сайд Баянбаатарын Очирбат 1956 оны нэгдүгээр сарын 29-нд Энэтхэгийн анхны Ерөнхийлөгч Ражиндра Прасадад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.