БАЯНХОНГОР: Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын ажлыг идэвхжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь төсөл 2030 он хүртэл Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт суманд хэрэгжинэ.
Төслийг хэрэгжүүлэх WCS Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Баянхонгор аймаг хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Тус төсөл хэрэгжсэнээр 23.800 га ой болон бэлчээрийг /3800 га ой, 20.000 га бэлчээр/ нөхөн сэргээх, 634.000 га газрын менежментийг сайжруулах ба эмэгтэйчүүд-залуучуудын оролцоог ханган, газар болон усны менежментийг сайжруулахад олон эерэг нөлөөг үзүүлэх юм. Төслийн үр шимийг 10 мянга гаруй иргэн хүртэнэ.
"Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг" нь манай улсад 23 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд мөн хугацаанд монгол орны байгаль, зэрлэг амьтад тэдгээрийн амьдрах орчныг судлах, хамгаалах чиглэлээр олон төрлийн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлжээ. Тус нийгэмлэг нь Монгол Улсыг биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр нэгдэн орсон олон улсын конвенцуудын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсаар иржээ.
Мөн хулан, хар сүүлт, цагаан зээр, монгол бөхөнгийн тоо, толгойг үндэсний хэмжээнд нарийн тодорхойлох, хамгаалах, төмөр зам, авто замын гарц гаргах, зэрлэг амьтад чөлөөтэй шилжилт хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлэх, холбоос нутгийг бий болгох, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын ажлыг хэрэгжүүлж байна.